Б.Гантогтох гарьдын охин Г.Хандсүрэн мэргэжлийн тамирчин боллоо

3026

Монголын волейбол сонирхогчдод таатай мэдээ дуулдлаа. Японы оюутны лигт тоглож байсан Гантогтохын Хандсүрэн өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 1-нээс Японы волейболын мэргэжлийн лиг болох V лигт данстай болжээ.

Хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн дархан аварга Х.Баянмөнхийн ач, улсын гарьд Б.Гантогтохын охин Г.Хандсүрэн Японы хоёрдугаар дивизионы “Брийт Хамамацү” багтай гэрээ байгуулжээ.

Тун удахгүй 24 нас хүрэх Г.Хандсүрэн волейболоор хичээллээд найман жил болж буй нэгэн. Тэрбээр “Тэнүүн-Огоо” клуб болон 2015 оноос Азийн АШТ-ий бүрэлдэхүүнд багтсанаар Монголын шигшээ багт данстай болсон билээ.

Тэрбээр Японд амьдрахын хажуугаар тус улсын Оюутны нэгдүгээр лигт тоглоод багагүй хугацаа үдсэн. Хандаа Эбера ахлах сургуульд суралцаж төгсөөд Японы спортын шинжлэх ухааны их сургуульд суралцсан юм.

Шинэ багтаа “5” дугаартай тоглох монгол бүсгүй 181 см өндөртэй, 76 кг жинтэй аж.

“Брийт Хамамацү” клуб 2012 онд байгуулагдсан бөгөөд 2016-17 онд дараалан хоёрдугаар лигтээ дэд байр эзэлж байжээ. Харин энэ улиралд найм хожиж, дөрвөн удаа ялагдсан үзүүлэлтээр хоёрдугаар дивизиондоо дөрөвдүгээр байрт жагсаж байгаа аж.