Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын үеэр 40 орчим хүн сураггүй болжээ

1602

Их Британийн колон байсан орнуудын наадам буюу Хамтын нөхөрлөлийн орнуудын наадам Австралид болж буй. Тэгвэл зохион байгуулагчдын зүгээс нэгэн хачирхалтай гэмээр мэдэгдэл хийжээ. Тус наадамд оролцсон тамирчин, сурвалжлахаар очсон сэтгүүлч зэрэг цөөнгүй хүн, тооны хувьд ойролцоогоор 40 орчим иргэн сураггүй алга болсон гэнэ. Зохион байгуулагчид тэднийг хэн нэг нь хулгайлсан бус, харин Австралид хууль бусаар оршин суухаар ийн зугтсан гэж үзэж байгаа аж.

Алга болсон иргэд нэг улсынх биш, Африк тивийн цөөнгүй төлөөлөгчид багтсан гэж зохион байгуулагчид зарлав. Тамирчдын виз албан ёсоор тавдугаар сарын 15-нд дуусна. Тиймээс энэ хугацаанд амжиж мэдүүлэг өгөхийг зохион байгуулагчид хүслээ.

Өмнө нь Камеруны найман тамирчин сураггүй алга болж, бусдыг сандаргасан удаатай. Тэгвэл хамтын нөхөрлөлийн орнуудын наадмыг зохион байгуулах хорооны дарга Дэвид Гревембергийн мэдээлснээр Рванданы нэг, Угандагийн хоёр тамирчин мөн алга болсон аж.

Камеруны шигшээ багийн хэвлэлийн төлөөлөгчийн ярьснаар алга болсон тамирчид эргэн ирэх магадлал тун бага гэж ярьжээ.

Австралид олон улсын томоохон тэмцээн зохион байгуулах үеэр тамирчдын визтэй холбоотой энэ мэтийн хэрэг бишгүй гардаг. 2006 онд Мельбурнд болсон хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд 25 тамирчин “зугтсан” бол 2000 онд Сиднейн зуны олимпод 80 тамирчин “харласан” түүхтэй.