Монголын марафончид тэмцээнээ амжилттай дуусгалаа

844

Монголын баг Токиогийн олимпод тэсвэр тэвчээрийн оргил болсон холын зайн марафоны төрөлд гурван тамирчнаа илгээсэн билээ. Тэгвэл олимпын наадмын сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 42км зайн марафон гүйлтийн тэмцээн болж өнгөрлөө.

Б.МӨНХЗАЯА УЛИРЛЫН ШИЛДЭГ АМЖИЛТАА ҮЗҮҮЛЭВ

Гэрэл зургийг: Amgalan Soyolsuren

Өчигдөр өглөө 05.00 цагт (Улаанбаатарын цагаар) Хоккайдо мужийн Саппоро хотын Одори паркт эхэлсэн олимпын марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн төрөлд манай Баярцогтын Мөнхзаяа хурд, хүч, тэсвэр хатуужлаа сорив. Уралдаан 06.00-д эхлэх байсан ч зохион байгуулагчид хэт халуун байгаагаас нэг цагаар урагшлуулсан юм. Уралдааны үед Саппород 32 градус халуун, чийгшэл 68 хувьтай байлаа. Халуун, бүгчим ийм нөхцөлд 42км 195м гүйнэ гэдэг тун амаргүй.

Гараанаас 88 тамирчин гарсан ч барианд 73 тамирчин орж, 15 тамирчин уралдааны замаас гарч, тэмцээнийг орхив. Манай Б.Мөнхзаяа 42.195 км-ийг 2.37:08 (цаг, минут, секунд) амжилттай гүйж, 45-р байрт орлоо. Эхний тамирчнаас 9 мин 48 сек алдагдалтай барианд орсон ч өөрийн энэ улирлын хамгийн шилдэг амжилтаа үзүүлж чадлаа.

Эмэгтэй марафоны дүн

  1. Перес Жепчирчир (Кени) 2.27:202.
  2. Юригит Косгеи (Кени) 2.27:363.
  3. Молли Сейдел (АНУ) 2.27:46
  4. … 45.Б.Мөнхзаяа (Монгол) 2.37:08

Эх сурвалж: “Таван цагариг”-ийн тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин

Ц.БЯМБАЖАВ 55-Р БАЙРТ ОРЛОО

Олимпын наадмын сүүлчийн өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн явагдлаа. Тэсвэр тэвчээр, шандас шалгасан энэхүү гараанд 106 тамирчин өрсөлдөхөөр гараанаас гарав. Өмнөх өдөр нь явагдсан эмэгтэйчүүдийн марафоныг хэт халуунаас болж нэг цагаар урагшлуулсан. Харин эрчүүдийн тэмцээний цагт өөрчлөлт орсонгүй, хуваарьт цагтаа явагдлаа. Уралдаан болж байх үед Саппород 27 хэм орчим халуун байв. Гэхдээ салхитай байсан нь тамирчдыг уралдахад дэм болж байлаа. Энэхүү уралдаанд Монголын хоёр тамирчин хурд сорьсноос Ц.Бямбажав 2 цаг 21 минут, 32 секундын амжилтаар 55-р байрт орлоо. Энэ нь түүний хувьд улирлын шилдэг амжилт нь болж байна. Харин гавьяат тамирчин Б.Сэр-Од 32 дахь км-ээс замаас гарч, уралдаанаа дуусгаж чадсангүй.

Энэ өдөр нийтдээ 30 тамирчин уралдааныг дундаас нь орхижээ. Ингээд дүн гарахад Кенийн тамирчин Элиуд Кипчоге 2:08.38 амжилтаар түрүүлж, Риогийн Олимпын аварга цолоо хамгаалав. Тэрбээр Афины Олимпоос хүрэл, Бээжингээс мөнгөн медальтай ирсэн бол сүүлийн хоёр Олимпод дараалан түрүүлж байна. Мөнгөн медалийг Сомали гаралтай Нидерландын гүйгч Абди Наигийе хүртлээ. Тэрбээр Риогийн Олимпод 11-р байр эзэлсэн бол Токиод дутуугаа гүйцээж, Олимпын медальтан болж чадав. Сонирхуулахад, Абди Кенид бэлтгэл сургуулилтаа базаадаг аж. Хүрэл медалийг мөн л Сомали гаралтай Бельгийн гүйгч Башир Абди хүртсэн. 1500, 3000, 5000, 10000 метр болон марафон гээд холын зайн гүйлтийн бүх л төрөлд хурд сорьдог тэрбээр анхны том амжилтаа гаргасан нь энэ юм.

Эрэгтэй марафоны дүн

  1. Элиуд Кипчоге (Кени) – 2:08.38
  2. Абди Нагийе (Нидерланд) – 2:09.58
  3. Башир Абди (Бельги) – 2:10.00
  4. …55.Ц.Бямбажав (Монгол) – 2:21.32

Б.СЭР-ОД: ИХ ХҮНД УРАЛДААН БОЛЛОО

Эрэгтэйчүүдийн марафон гүйлтэд манай тамирчин Ц.Бямбажав улирлын шилдэг амжилтаа үзүүлж 55-р байрт орсон бол Б.Сэр-Од уралдааныг замаас нь орхисон билээ. Тамирчид барианд орсны дараа Б.Сэр-Одтой цөөн хором холбогдож, зарим зүйлийг тодруулав. Тэрбээр “Маш хүнд уралдаан боллоо. Миний хувьд ханиад хүрсэн байсан болохоор биеийн хүч муу байлаа. Жаахан хүчлээд явах гэхээр хоёр гуяын урдуур татаад үнэхээр болсонгүй. Уг нь сайхан уралдъя гэж бодож байсан ч замаа дуусгаж чадаагүйдээ маш их харамсаж байна. Манай Ц.Бямбажавын хувьд 25 дахь км-ээс цанх татаад тавигдахгүй байсаар барианд орсон байна. Гэхдээ манай хүн ямар ч байсан уралдаанаа дуусгаж чадлаа. Ер нь их хүнд гараа болсныг олон орны дасгалжуулагч хэлж байна” хэмээн ярилаа.

Эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо