Д.Батгэрэл өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялав

1564


Талын шуурга хочтой Данаагийн Батгэрэл АНУ-н Невада мужийн Лас Вегас хотноо зохиогдсон UFC Vegas 40 тэмцээнд өрсөлдөгчөө нэгдүгээр үед хүнд цохилтоор буулгаж авав.

Талын шуургын хувьд жиндээ хэвийн орж чадсан бол Брэндон “Алуурчин Б” Дэвис сүүлийн 15 минутанд арайхийн жиндээ орж чадсан.Дэвис хамгийн сүүлд 2019 онд UFC холбоонд тулалдсанаас хойш эргэн ирж байгаа бөгөөд жижиг холбоонд сүүлийн 4 тулаандаа дараалсан ялалт байгуулаад байсан юм.Харин Батгэрэлийн хувьд 2 дараалсан ялалтаа хүнд цохилтоор авч чансаагаа ахиулаад байсан билээ.Тулаан эхэлмэгц Дэвис чацны давуу байдлаа ашиглаж тулалдахыг эрмэлзэж байсан бол Монгол тулаанч урагшаа довтолсон түрэмгий тактик барьж байлаа. Дэвис урд гарын цохилт,хөлийн өшиглөлтөөр өрсөлдөгчөө сулруулахыг эрмэлзэж байсан ч Батгэрэлийн баруун гарын хүчтэй цохилтыг тэсвэрлэлгүй унасан. “Шуурга” ч өрсөлдөгчөө олон дараалсан цохилтыг хийснээр шүүгч Херб Динд Брэндон Дэвисийг аврахаас өөр аргагүй байдалд хүрчээ.

Талын шуурга маань одоогоор идэвхтэй тулалдаж байгаа тулаанчдын жагсаалтанд 1 дүгээр үед хүнд цохилтоор 3 дахь тулаандаа дараалан ялсан гэдгээрээ дээгүүр бичигдэж байна.Одоогоор түүний дээр хүнд жингийн том залуус болох Фрэнсис Нганну, Крис Даукасс нар тус бүр 4 ялалттай бичигдэж байгаа юм.Ээлжит тулаандаа гайхалтай ялалт байгуулсан тулаанч маань дараагийн өрсөлдөгчөөр ирээдүйн алдрын танхимийн гишүүн Фрэнки “Хариулт” Эдгарыг сонгох хүсэлтэй байгаагаа ч илэрхийлээд байгаа юм.