Оскарын шагналт Мишель Йео ОУОХ-ны гишүүн болов

2323

Олон улсын олимпын хорооны (ОУОХ) 141 дэх Их Хурлаар 8 шинэ гишүүнээ сонгов. Ингэснээр олимпын хороо нийт 107 гишүүнтэй боллоо.

Энэтхэгийн Мумбай хотноо ОУОХ-ны 141 дэх Их Хурал болсон юм. Энэ үеэр 8 шинэ гишүүн нэмэгдсэнээр тус холбоо нийт 107 гишүүнтэй боллоо.

Энэ удаагийн Их Хуралд 78 гишүүн санал өгсөн юм. Перугийн улс төрч, “Сөүл 1988” олимпын мөнгөн медальт, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Сесилия Тайт хамгийн олон буюу 77 санал авч, нэг түдгэлзсэн саналаар ОУОХ-ны гишүүн болжээ.

Олон улсын уран гулгалтын холбооны тэргүүн, “Самсунг” компанийн ТУЗ-ын гишүүн Ким Жае Ёл 72 санал авч, нэг нь татгалзсан бол хоёр нь түдгэлзжээ.

Шведийн мэргэжилтэн, ширээний теннисийн холбооны тэргүүн Петра Сёрлинг 70 санал авсан юм.

Израиль, Палестинийн дайны уршгаар Израилийн ҮОХ-ны Ерөнхийлөгч, тус улсын олимпын анхны медалийг “Барселона 1992” олимпод авч байсан жүдоч Яэль Арад 71 саналаар гишүүн болов.

  • Яэль Арад (Израилийн ҮОХ-ны Ерөнхийлөгч)
  • Мишель Йео (Малайзийн жүжигчин)
  • Петра Сёрлинг (Ширээний теннисийн холбооны Ерөнхийлөгч)
  • Ким Жае Ёл (Уран гулгалтын холбооны Ерөнхийлөгч)
  • Фуржес Балаш (Унгарын улс төрч)
  • Сесилия Тайт (Волейболчин)
  • Майкл Мронз (Герман, спортын менежер)
  • Мехрез Боуссайене (Тунисын ҮОХ-ны Ерөнхийлөгч)

Холливудын нэрт жүжигчин, Оскарын шагналт Мишель Йео 67 санал авч, хамгийн олон буюу 9 гишүүн татгалзсан ч ОУОХ-ны гишүүн болов. Жэймс Бондын цуврал киноны нэг ангид тоглосноор холливудын ертөнцөд танигдсан малайз гаралтай жүжигчин бүсгүй “Everything Everywhere All at Once” киногоороо шилдэг эмэгтэй жүжигчин болсноор анхны ази гаралтай оскарын шагнал авсан нэгэн.

М.Йео нэртэй жүжигчин болохоосоо өмнө тамирчин болохыг мөрөөддөг байснаа онцолжээ. Сквошоор тууштай хичээллэж байсан ч нурууны бэртлийн улмаас их спортын замналаа өндөрлөжээ.