Оросууд 2 тоглолтод + 8 гоол + 6 оноо

1078

ОХУ 3:1 Египет

Гоол: Ахмед Фати (өөрийн хаалганд, 47), Денис Черышев (59), Артем Зюба (62), Мохамед Сала (73 п)

Тоглолтын шилдэг: Денис Черышев


Энэ ДАШТ-д оролцож буй 32 багаас чансаагаар хамгийн хойно бичигдсэн ОХУ-ын баг нутагтаа өнгөтэй байна. Тэд нөхөрсөг тоглолтуудад учраа олохгүй байсан ч тэмцээн дээр жинхэнэ орос чанараа харуулав. Эхний тоглолтод Саудын Арабыг 5:0-ээр уншсан тэд энэ удаа Мохамед Сала тэргүүтэй Египетийн шигшээг 3:1-ээр гэрт нь хариулж дөнгөв. Хоёр хожигдсон фараончууд одоо хэсгийн сүүлийн тоглолтод Саудын Арабтай нэр төрийн тоглолт хийгээд гэртээ буцахаас өөр замгүй үлдлээ.

Эхний хагаст гоол ороогүй ч хоёрдугаар үе эхлээд оросууд богино хугацаанд тооны харьцааг 3:0 руу болгосон. Египетийн хамгаалагч, багийн ахлагч Ахмед Фати орос довтлогч Артем Зюбад ирсэн дамжуулалтыг холдуулах гэж үзээд өөрийнхөө хаалганд гоолдчихов. Санамсаргүй байдлаар гоол алдсан египетчүүд энэ байдлаас гарч амжаагүй байтал өмнөх тоглолтын баатар Денис Черышив тооны харьцааг холдуулж, ердөө гурван минутын дараа Артем Зюба ДАШТ-ий хоёр дахь гоолоо орууллаа.

Хүнд байдалд орсон египетчүүд гоол хийхээр зүтгэлээ. Тэдний энэ зүтгэл зүгээр нэг өнгөрсөнгүй. Оросын хамгаалагчид М.Салаг довтлох үеэр 16 метрийн шугам дотор унагасан тул шүүгч 11 метрийн торгуулийн цохилт заасан юм. Ийнхүү Английн премьер лигийн мэргэн бууч М.Сала мөрний гэмтэл нь бүрэн илааршаагүй байгаа ч ДАШТ-д анхны тоглолтоо хийж, эхний гоолоо оруулав.

Шүүгч эцсийн шүглийг үлээхэд оросууд 2 тоглолтод 8 гоолтой, бас дээр нь 6 оноотой хэсгээ итгэл төгс тэргүүлж эхэллээ. ДАШТ-ээс өмнө олон асуудалтай, их шүүмжлэлтэй тулгарсан тэдэнд энэ ялалт үнэ цэнэтэй байх нь гарцаагүй. Оросууд 1966 оны ДАШТ-ээс хойш анх удаа хэсгийн эхний хоёр тоглолтод хожсон гэнэ. Будант Албионд болсон тэр жилийн дэлхийн аваргад оросууд шөвгийн дөрөвт хүрч байсан удаатай.


  • ДАШТ-ийг зохион байгуулагч орны баг нээлтийн хоёр тоглолтод 8 гоол оруулсан тохиолдол 1934 оны Италиас хойш гараагүй.
  • Оросууд энэ удаагийн дэлхийн аваргад хоёр тоглолтод 8 гоол оруулсан нь тэдний өмнөх хоёр ДАШТ-ий нийт оруулсан гоолоос их (2002, 2014 онд нийлээд 6)
  • Артем Зюба ДАШТ-д хамгийн олон удаа буюу 18 удаа агаарт эсрэг багийн тоглогчтой тулжээ.
  • Мохамед Сала эхний хагаст ердөө 19 удаа бөмбөгөнд хүрсэн бөгөөд хамгийн бага бөмбөгтэй харьцсан тоглогч болжээ.