Испанийг аз ивээв

1250

Испани 1:0 Иран

Гоол: Диего Кошта (54)

Тоглолтын шилдэг: Диего Кошта


Испани, Португалын тоглолтод хоёр гоол оруулсан ч Криштиану Роналдугийн супер тоглолтод нэр нь дарагдсан бразил цагаач Диего Кошта Ираны эсрэг цор ганц гоолыг оруулав. Эхний тоглолтод Морокког авто гоолын ачаар хожиж, гурван оноотой болсон иранчууд 11-үүлээ хамгаалалтад гарч байлаа. Үүний үр дүнд эхний хагаст 81.1 хувьтай бөмбөг эзэмшсэн “Ялагдашгүй армаданууд” хаалга руу ердөө ганц л цохилт илгээжээ. Харин хоёрдугаар хагаст бразил гаралтай довтлогч Диего Коштагийн санамсаргүй байдлаар оруулсан бөмбөг Ираны багийн хаалгыг мялаасан. Д.Кошта руу чиглэсэн дамжуулалтыг эсрэг багийн хамгаалагч салгах гэж оролдсон ч довтлогч эрийн хөлд нь бөмбөг ойж, тэр эрчээрээ гоол болчихсон юм.



Диего Кошта ийнхүү ДАШТ-ий хоёр тоглолтод гурван удаа хаалга руу цохиод бүгдийг нь гоол болгожээ. Түүнчлэн эхний хоёр тоглолтод дараалан гоол оруулсан нь 2006 онд Фернандо Торресоос хойших анхны испани тоглогчоор тодорсон.

Гоол алдсанаас хойш иранчууд сөрөг довтолгоонд шилжиж, хоёрдугаар хагаст Испаниас хавь илүү довтолгоо зохион байгуулсан. Бүр нэг гоол хүртэл оруулсан ч шүүгч бичлэг үзээд отон гэж үзсэн юм.


  • Ираны шигшээ баг ДАШТ-д Европын багуудыг хожиж чадаагүй хар цувралаа үргэлжлүүлэв. Тэд буурал тивийнхэнтэй долоон удаа таарч, ердөө нэг тэнцжээ.
  • Өнөөдөрийн гурван тоглолт бүгд 1:0 гэж дууссан. Тэгвэл нэг өдөр болсон бүх тоглолт яг ийм үр дүнгээр дууссан тохиолдол өмнө нь ч гарч байжээ. 1982 оны зургадугаар сарын 25, 2010 оны зургадугаар сарын 23-нд болсон бүх тоглолт цор ганц гоолын ачаар шийдэгдсэн билээ.