Б.Бат-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ

1226

Энэтхэгийн Шинэ Дэли хотод чөлөөт бөхийн Азийн залуучуудын АШТ амжилттай болж өндөрлөлөө. Эзэн орны баг алтан медаль хүртэх гэж сүүлийн өдөр хүртэл харж суусан юм. Өмнөх өдрүүдэд нийт найман мөнгөн медаль хүртсэн энэтхэгчүүд сүүлийн өдөр хоёр аваргатай боллоо. Тэдний нэг нь эрэгтэйчүүдийн 74 кг-д түрүүлсэн Сачин Рати. Түүнтэй аваргын төлөө Монголын Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ барилдсан юм. Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн бөх, дасгалжуулагч Б.Идэрсайханы шавь Б.Бат-Эрдэнэ эхний тойрогт Тайванийн Сианг Вей Венийг 6:4-өөр, шөвгийн 8-д Пакистаны Гулам Гхоусыг 10:0-ээр илүүрхэж, хагас шигшээд Японы Таро Үмэбайашиг мөн 10:0-ээр ялснаар алтан медалийн төлөө барилдах болсон юм.

Энэтхэгээс өөр нэг алтан медалийг нь 86 кг-д Деепак Пуниа зүүжээ. Өнгөрсөн жил Азийн залуучуудын АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Д.Пуниа энэ удаа алтан медаль хүртсэн юм.

Багийн нийлбэр оноогоор Ираны баг 189 оноогоор тэргүүлж, Энэтхэг 173 оноо, Узбекистан 128 оноогоор удаалав. Тэдний араас Япон 126, Казахстан 125 оноо авч, айргийн тавд оржээ. Харин Монголын баг 52 оноогоор есдүгээр байрт бичигдлээ. Нэг жинд алтан медаль хүртсэн тамирчин багтаа 25 оноо, мөнгөн медальд 20, хүрэл медалийг 15 оноо дагалддаг. Иранчууд 10 жингийн тавд нь түрүүлсэн юм.

Манай бөхчүүдийн амжилт

57 кг: Б.Түмэнцогт – Эхний шатанд Энэтхэгийн Навеен Навеенд 12:4-өөр, дагах барилдаанд Ираны Реза Мохсенд 5:0-ээр ялагдсан.

61 кг: Б.Ууганбаяр – Эхний даваанд Тажикстаны Сайдон Гуловт 13:10-аар ялагдсан.

65 кг: Э.Бямбадорж – Эхний тойрогт Тайванийн Жун Вей Вуг 20:0-ээр илүүрхэж, шөвгийн 8-д Ираны Амирхоссейн Азим Махсоудид 6:5-аар дийлдсэн.

70 кг: Д.Батзул – Эхний шатанд Казахстаны Нуркоза Кайпановт 8:2-оор ялагдсан.

79 кг: Б.Цэрэндаш – Эхний тойрогт Киргизстаны Атай Изабековт 6:2-оор хожигдсон.

86 кг: Д.Оргилох – Шөвгийн 8-д Японы Кайри Ягид 5:0-ээр хожигдсон.

97 кг: О.Бат-Эрдэнэ – Шөвгийн 8-д БНСУ-ын Хюн Сү Ханд 10:0-ээр ялагдсан.

120 кг: Э.Бат-Эрдэнэ – Шөвгийн 8-д Ираны Амир Надер Ярид 10:0-ээр ялагдсан ч дагах барилдаанд буюу хүрлийн төлөө эзэн орны бөх Мохит Мохитод 10:0-ээр ялагдсан.