Г.Нандинзаяа Азийн наадмын рекорд тогтоов

1396

Буудлагын гурван байдалд эмэгтэйчүүдийн 50 метрийн төрөлд Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа нар өрсөлдсөн. Манай тамирчид урьдчилсан буудлагад гайхалтай цэц сорьж, Г.Нандинзаяа 1175 оноогоор урьдчилсан шатанд Азийн наадмын рекорд амжилт тогтоосон юм. Түүний араас дөрвөн жилийн өмнө уг төрөлд түрүүлж байсан Ч.Нарантуяа 1173 оноогоор бичигдсэн. Шигшээ наймд манай хоёр тамирчнаас гадна БНСУ, Иран, Сингапурын тус бүр хоёр тамирчин шалгарсан юм. Энэ төрөлд дэлхийн рекордыг Хорватын буудагч Снезана Пешич 1180 оноогоор эзэмшдэг юм.

Шигшээ буудлагад ч манай тамирчид давуу байдлаа алдсангүй. Г.Нандинзаяагийн хувьд эртнээс оноо тасарч, түрүүлэх нь тодорхой болсон тул тайван буудсаар 458.8 оноогоор Азийн наадмын рекорд тогтоожээ. Ингэснээр манай буудагч Азийн наадмаас алт, хүрэл медаль хүртлээ.  Финалын шатанд дэлхийн рекордыг Италийн буудагч Петра Зубласин 2015 онд 464.7 оноогоор тогтоож байсан удаатай.

Дөрвөн жилийн өмнө алтан медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан Ч.Нарантуяа энэ удаад мөнгөн медаль хүртэж, зон олноо дахин баясгав. Дөрвөн жилийн өмнө түүний ард орж, мөнгөн медаль хүртэж байсан БНСУ-ын Ми Ра Жён энэ удаад медальгүй хоцорч, Ираны тамирчин Малага Жамбозорг хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү Монголын баг дөрвөн өдөр дараалан медаль хүртэж, гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтай болоод байна.