Баку 2018: В.Путин ДАШТ-ийг үзнэ

2152

Энэ сарын 25-нд Азербайжаны нийслэл Баку хотод тус улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзах хуваарьтай ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин “Баку 2018” жүдо бөхийн ДАШТ-ий зургаа дахь өдрийн барилдааныг үзэхээр төлөвлөжээ. Хоёр улсын Ерөнхийлөгчид Олон Улсын Жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визерийн урилгаар ордонд ирэх аж.

В.Путин жүдогийн хар бүстэй, бас Олон Улсын Жүдо бөхийн холбооны хүндэт Ерөнхийлөгч юм.

Тэрбээр М.Визерьтай дотно найзууд. Өнгөрсөн жил Унгарын Будапешт хотод айлчлах үеэр ДАШТ-ийг үзэж байсан юм.

В.Путин энэ сард хоёр дахь жүдогийн тэмцээнийг үзэх нь тодорхой болов. Тэрбээр Дорнын Эдийн Засгийн чуулга уулзалтад зориулсан өсвөрийн жүдо бөхийн тэмцээнийг Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга, Японы ерөнхий сайд Шэнзо Абэ нарын хамт үзсэн юм.

Түүнчлэн В.Путин 2014 онд ОХУ-ын Челябинск хотод болсон ДАШТ-ий зочноор уригдаж байсан билээ. Тэрбээр үүнээс өмнө Лондоны олимпийн жүдо бөхийн тэмцээнийг Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камероны хамт сууж үзэж байв.