Будапешт 2018: Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг тэргүүтэй долоон бөх өнөөдөр зодоглоно

985

Өнөөдөр эрэгтэй жингийн барилдаан дуусч, эмэгтэй дөрвөн жингийн барилдаан явагдана. Эмэгтэй 65, 68, 72, 76 кг жингийн урьдчилсан шат, эрэгтэй 70, 97 кг болон эмэгтэй 55, 59 кг жингийн шигшээ барилдаан болох юм. Эмэгтэйчүүдийн 59 кг-д зодоглосон Б.Шоовдор хүрлийн төлөө барилдах бол эрэгтэй 70 кг-д Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Ө.Батзул нар дагах тойрогт барилдах аж. Харин өнөөдөр барилдах эмэгтэй дөрвөн жингийн сугалааг танилцуулья.


ЭМЭГТЭЙ 65 КГ:

Энэ жинд ДАШТ-ий мөнгөн медальт, Финландын Петра Олли, АНУ-ын Форрест Молинари, ДАШТ-ий хүрэл медальт, Шведийн Хенна Йоханссон, Чехийн Адела Ханзликова нар хэсгээ тэргүүлсэн юм. Манай улсаас Х.Болортуяа оролцоно. Тэрбээр эхний тойрогт БНСУ-ын Ли Хан Битийг ялвал ОХУ-ын Мария Кузнецова, Канадын Даниелл Лаппэйж нарын хожсонтой нь дараагийн шатанд таарах юм.


ЭМЭГТЭЙ 68 КГ:

ДАШТ-ий хүрэл медальт, Украины Алла Черкасова, АНУ-ын Тамира Менса, Латвийн Лаура Скужина, Монголын Шархүүгийн Түмэнцэцэг нар чансаагаар тэргүүлсэн. Харамсалтай нь, латви бүсгүй барилдахаар нэрээ өгөөгүй бол Ш.Түмэнцэцэг Азийн наадмын үеэр мөрөндөө бэртэл авснаар ДАШТ-ийг өнжих болсон юм. Түүний оронд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг зодоглохоор иржээ. Гавьяат эхний тойрогт Сенегалын Анта Самбоуг ялвал Шведийн Анна Франссон, Азийн наадмын аварга, тивийн АШТ-ий хүрэлтэй, Японы Рио Ватари нарын ялсантай нь хүч үзнэ. Сенегалын тамирчин Анта Самбоу Африкийн наадмын хүрэлтэй, тивийнхээ АШТ-ээс гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн.


ЭМЭГТЭЙ 72 КГ:

Энэ жинд О.Насанбурмаа барилдах юм. Тэрбээр эхний тойрогт нутгийн бөх Николетта Рената Смолкатой, түүнийг ялвал олимпийн хүрэл медальт, Польшийн Агнешка Вешек, Туркийн Бусе Тосун нарын ялсантай нь оноолт таарна.


ЭМЭГТЭЙ 76 КГ:

Г.Наранчимэг эхний тойрогт хийлээд Венесуэлийн Мария Хосе Акостатай сугалаа таарав. Түүнийг ялвал Унгар, Беларусийн бөхийн бөхтэй дараагийн даваанд хүч үзэх аж.