Марафоны тэмцээний хуваарийг өөрчлөхгүй бол аюултай

860

Японы нийслэл Токио хотод хэт халууны үеэр олимпийн тоглолт зохион байгуулах нь аюултай талаар тус улсын эмч нар мэдээлэв. Ялангуяа марафоны тэмцээний хуваарийг өөрчлөхгүй бол ид халууны улмаас тамирчдын зүрх гэнэт зогсох, үхлийн аюул байгааг тэд сануулав.

Энэ жил Япон улсад урьд өмнө байгаагүй их халуун буюу ихдээ цельсийн 41.1 градус хүрч, үүний улмаас долдугаар сарын 23-нд 96 хүн зүрхний шигдээсээр өөд болсон билээ.

Олон улсын олимпийн хороо болон “Токио 2020” зуны олимпийг зохион байгуулах хорооноос хэт халуунаас сэргийлж, марафоны тэмцээнийг өглөөний 7:00 цагт эхлүүлэхээр өөрчилсөн.

“Токио 2020” марафоны тэмцээний газрын зураг

Гэвч Японы эрүүл мэндийн байгууллага болон Токиогийн эрүүл мэндийн байгууллагаас хэт халалт 2020 он хүртэл үргэлжилвэл тамирчдын амь нас аюулд өртөх эрсдэлтэйг дахин сануулав. Зөвхөн тамирчид төдийгүй албаны хүмүүс, үзэгчид гээд олон хүн өртөх магадлалтайг тэд анхааруулав. Албаныхан марафоны тэмцээнийг үүрийн 5:30 цагийн үед эхлүүлэх саналтай байгааг мэдэгдсэн. Энэ долоо хоногтоо багтааж, тэд энэ асуудлаар хуралдахаар тохиролцжээ.

Японд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-наас долдугаар сарын 29-нд хүртэл хэт халалтын улмаас эмнэлгийн тусламж авсан хүний тоо 57,534-т хүрсэн юм. Харамсалтай нь, амиа алдсан хүний тоо 125-д хүрчээ.