Бухарест 2018: Сүхээгийн Цэрэнчимэд хүрэл медаль хүртлээ

1297

Өнгөрсөн жилээс хойш зохиогдож буй бөхийн төрлүүдийн u23 хүртэлх насны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ангилал өндөрлөв. Манай улсаас эмэгтэй бөхийн төрөлд гурван хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.

Эмэгтэй чөлөөт бөхийн эхний медалийг 50 кг-д хүч сорьсон Цогт-Очирын Намуунцэцэг хүртсэн билээ. Тэгвэл сүүлийн өдөр манай дөрвөн тамирчин медалийн төлөө өрсөлдөж, хоёр хүрэл медаль нэмэгдсэн юм.

Тодруулбал, 53 кг-д Бат-Очирын Болортуяа, 57 кг-д Сүхээгийн Цэрэнчимэд, 62 кг-д Энхбатын Гантуяа, 72 кг-д Пүрвээгийн Номин-Эрдэнэ нар хүрлийн төлөө барилдав.


Эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Болортуяа эхлээд Норвегийн Силе Кнуценийг 14:3-аар ялсан ч дараагийн даваанд Японы Момока Кадояад оноогоор цэвэр ялагдсан юм. Япон бүсгүй аваргын төлөө шалгарч үлдсэн тул тэрбээр дагах барилдаанд Беларусийн Кациарына Пичкоускайаг 6:0-ээр ялсан ч хүрлийн төлөө нутгийн бөх Ана Бетричид 5:3-аар ялагдлаа.



Энэ жинд Японы Момока Кадояа түрүүлж, ОХУ-ын Милана Дадашева мөнгөн медаль хүртсэн юм.


57 кг-д Сүхээгийн Цэрэнчимэд Азербайжаны Алёна Колесникийг 11:3-аар илүүрхэж, хүрэл медаль хүртлээ. Нуруундаа гэмтэлтэй байсан С.Цэрэнчимэд барилдааны эхнээс л өрсөлдөгчөөсөө илүү байсан юм.



Ийнхүү С.Цэрэнчимэд өсвөрийн ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл, армийн ДАШТ-ий алт, хүрэл, насанд хүрэгчдийн ДАШТ-ий алт, мөнгөн медаль дээрээ 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медаль нэмэгдэж, чөлөөт бөхийн таван ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо. Энэ жинд Канадын Александриа Реббека Тоун түрүүлж, Японы Акие Ханаи мөнгөн медаль хүртсэн.


62 кг-д Энхбатын Гантуяа энэ жинд аваргалсан Японы Юүкако Каваид ялагдсан ч дагах барилдаанд Беларусийн Крисцина Сазыкинаг 14:2-оор илүүрхэж, улмаар хүрлийн төлөө Румыний Криста Инчег 4:2-оор ялснаар энэ тэмцээнд хоёр жил дараалан хүрэл медаль хүртэж, Монголдоо анхдагч боллоо.



Тэрбээр өнгөрсөн жил анхны медалийг хүртсэн гурван тамирчны нэг болсон бол энэ жил мөн л гурван медаль хүртсэн тамирчны тоонд багтав.

Энэ жинд Юүкако Каваи түрүүлж, Укрианы Илона Прокопевник мөнгөн медаль хүртсэн юм.


72 кг-д Пүрвээгийн Номин-Эрдэнэ эхний даваанд нутгийн бөх Александра Анжелд оноогоор цэвэр ялагдсан ч дагах барилдаанд Украины Романа Вовчакт 4:2-оор дийлдэж яваад цэвэр ялсан билээ. Харамсалтай нь, хүрлийн төлөө БНХАУ-ын Шао Кан Вонд 8:3-аар ялагдлаа.



Эмэгтэйчүүдийн ангилалд багийн дүнгээр 188 оноогоор Япон тэргүүлж, ОХУ (113), БНХАУ (106) оноогоор удаалав. Эхний тавдугаар байрт Украин (81), АНУ (76) багууд орлоо.