Жүдо: Хенк Грол Японы их дуулгад түрүүлсэн хамгийн ахмад жүдоч боллоо

575

Японы Осака хотод гурван өдрийн турш үргэлжилсэн Их Дуулга тэмцээн өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр буюу +100 кг-д Нидерландын алдарт жүдоч Хенк Грол түрүүлж, нэгэн өвөрмөц амжилтын эзэн боллоо.

Эрэгтэйчүүдийн +100 кг-д манай улсаас Найдангийн Түвшинбаяр, Өлзийбаярын Дүүрэнбаяр нар хүрэл медалийн төлөө өрсөлдсөн ч харамсалтай нь, хоёул ялагдаж, V байр эзэллээ.

Н.Түвшинбаяр аварга Японы залуу жүдоч Кокоро Кагеүрад дийлдсэн бол Ө.Дүүрэнбаяр ОХУ-ын Тамерлан Башаевтай анх удаа таараад өвдөг шороодсон.

+100 кг-д алтан медалийн төлөө Риогийн олимпийн аварга, дэлхийн аваргын алт, хошой хүрэлтэй Чехийн Лукас Крпалек, олимпийн хос хүрэлтэй, ДАШТ-ий гурван мөнгөн медальт Нидерландын Хенк Грол нар тунаж, Х.Грол вазари үнэлгээ авснаар энэ тэмцээнд түрүүллээ.



Ийнхүү Хенк Грол Японы Их Дуулга тэмцээнд түрүүлсэн хоёр дахь эрэгтэй нидерланд жүдоч боллоо. Түүнээс өмнө 1999 онд одоогийн тэмцээний Жигоро Каногийн цом нэртэй байхад нь Марк Хиуцинга түрүүлж байсан бол эмэгтэйгээс 2012 онд Линда Болдер, 2013 онд Маринде Веркерк нар манлайлсан түүхтэй.

Түүнчлэн өнгөрсөн наймдугаар сард 33 нас хүрсэн Х.Грол Японы Их Дуулга тэмцээнд түрүүлсэн хамгийн ахмад тамирчин боллоо.

Өмнө нь энэ алдрыг 32 насандаа 2014 онд түрүүлсэн Лондоны олимпийн хүрэлтэй, ДАШТ-ий гурван алт, мөнгө, хүрэлтэй Жевре Эман болон 2011 онд 32 настайдаа алтан медаль хүртсэн Лондоны олимпийн мөнгө, ДАШТ-ий гурван алт, мөнгө, гурван хүрэлтэй ОХУ-ын Александр Михайлин нар хамгийн ахмад насандаа түрүүлсэн амжилтыг эзэмшиж байв.

Нидерландын Хенк Грол

Х.Грол 33 нас, 323 хоногтойдоо Их Дуулга тэмцээнд түрүүлсэн үзүүлэлтээр тус тэмцээний түүхэнд тавдугаарт бичигдэх юм. Панамын жүдоч Мирьям Ропер 34 нас, 328 хоногтойдоо Экатеринбургийн Их Дуулгад түрүүлсэн үзүүлэлтээр тэргүүлдэг. Харин эрэгтэйчүүдээс Азербайжаны Элхан Мамадов 34 нас, 247 хоногтой алтан медаль хүртжээ.