Мастерс: Олимпийн дөрөв, дэлхийн найман аварга барилдана

592

Энэ долоо хоногийн бямба, ням гаригт БНХАУ-ын Гуанжоу хотод дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг бөхчүүдийн дунд болох МАСТЕРС тэмцээн болно. 53 орны 235 жүдоч тус тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгсөн аж. Тэгвэл энэ удаагийн тэмцээнд Риогийн олимпийн дөрвөн аварга, өнөө жилийн найман дэлхийн аварга өрсөлдөнө.


РИОГИЙН ОЛИМПИЙН АВАРГУУД

Паула Парето (Аргентин)
48 кг:

Аргентинийн баатар П.Парето энэ жил оролцсон бүх тэмцээнээс шагналт байр эзэлсэн. Бээжингийн олимпийн хүрэлтэй тэрбээр Екатеринбургийн Их Дуулгаас мөнгөн медаль хүртэж, Пан Америкийн аварга болоод зогсохгүй Будапештийн Гран Прид долдугаар байрт орсон юм. ДАШТ-ээс хүрэл, Канкуны Гран Пригаас алт, Абу Дабигийн Их Дуулгаас хүрэл медаль зүүсэн аж. Дэлхийн чансааны дөрөвдүгээрт жагсаж буй П.Парето он гаргаад нэгдүгээр сард 33 нас хүрнэ.  

Рафаэла Сильва (Бразил)
57 кг:

Д.Сумъяаг ялж аваргалсан

Бразилын эмэгтэй жүдочдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нэгэн бол Рафаэла Сильва. Энэ онд хоёр ч тэмцээнд түрүүлсэн. Дэлхийн чансааны 11-т буй тэрбээр долдугаар сард Загребын Гран Прид тавдугаар байр эзэлж, Будапештийн Гран Прид алтан медаль хүртсэн. Улмаар аравдугаар сард Канкуны Гран Прид түрүүлсэн аж. Тэрбээр 2012 оны Казахстаны Алматы хотод болсон Мастерс тэмцээнд хүрэл медаль хүртсэн амжилттай.

Тина Трстеняак (Словен)
63 кг:

Энэ онд нийт найман тэмцээнд оролцоод нэг удаа л шагналт байраас мултарчээ. Словенийн бахархал болсон жүдоч бүсгүй Тунисын Гран Прид алтан медаль хүртсэн. Үүнийхээ дараа Парисын Их Дуулгад хүрэл, Европын АШТ болон Загребын Гран Прид мөнгөн медаль хослуулав. Сүүлд нь ДАШТ болон Абу Дабигийн Их Дуулгад хүрэл медаль хүртэж, Осакагийн Их Дуулгад тавдугаар байр эзэлсэн. Сонирхуулахад, энэ жил анх удаа Мастерст хүч сорих юм.

Хасан Халмурзаев (ОХУ)
81 кг:

Хасан Халмурзаев гуравдугаар сард Агадирын Гран Прид хүрэл, Токио 2020 олимпийн чансааны оноо олгох анхны тэмцээн болох Хөх Хотын Гран Прид мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр ДАШТ-д хоёр дараалан ялагдаад шагналт долдугаар байр эзэлсэн билээ. Хасан Халмурзаев өнгөрсөн жилийн Мастерс тэмцээнд түрүүлж байсан юм.


“БАКУ 2018” ДАШТ-ИЙ АВАРГУУД

Цүкаса Ёшида (Япон)
57 кг:

Их Дуулга тэмцээнд зургаан алтан медаль хүртсэн япон бүсгүй 2017 оны ДАШТ-ий мөнгөн медалиа ахиулж, Бакуд түрүүлсэн. Тэрбээр Парисын Их Дуулгад мөнгөн медаль хүртэж, өнгөрсөн сард Осакагийн Их Дуулга тэмцээнд тавдугаар байр эзэлсэн юм. “Токио 2020” олимпийн гол найдвар гэгдэж буй Ц.Ёшида Мастерс тэмцээнд түрүүлж үзээгүй юм.

Кларисс Агбегнену (Франц)
63 кг:

Дэлхийн гурван удаагийн аварга Кларисс Агбененоу Мастерс тэмцээнд түрүүлж үзээгүй. Тэрбээр энэ онд эх орондоо болсон Их Дуулга тэмцээнд өнгөлж, Тбилисийн Гран Прид дээрх амжилтаа давтсан. Олимпийн мөнгөн медальт бүсгүй дөрөвдүгээр сард Европын аварга болж, есдүгээр сард дэлхийн аварга цолоо хамгаалсан юм. Энэ жинд дэлхийн чансааг тэргүүлж буй тэрбээр 2018 оныг ялагдалгүй дуусгаж чадах уу.

Шори Хамада (Япон)
78 кг:

Мастерс тэмцээнд анх удаа оролцож буй япон бүсгүй энэ онд Парисын Их Дуулгад хүрэл, Загребын Гран Прид тавдугаар байр эзэлсэн. Осакагийн Их Дуулгад хүрэл медаль зүүсэн юм. 

Ан Чан Рим (БНСУ)
73  кг:

Дэлхийн чансааны гуравдугаарт бичигдэж буй Ан Чан Рим дэлхийгээс хошой хүрэл зүүснийхээ дараа энэ онд аваргалсан билээ. Их Дуулга тэмцээнээс хоёр алтан медаль хүртсэн солонгос эр Парисын Их Дуулгад хүрэл, Антальягийн Гран Прид мөнгө, Хөх Хотын Гран Прид түрүүлж, Азийн наадмаас мөнгөн медаль зүүсэн юм. Харин одоо Мастерс тэмцээнээс анхны медалиа авах эсэхийг харах үлдлээ.

Саеид Моллаеи (Иран)
81 кг:

Дэлхийн чансааг тэргүүлж буй Саеид Моллаеи энэ онд жинхэнэ нээлт болсон. Нэгдүгээр сард Тунисын Гран Пригаас медальгүй хоцорсон ч Дюсселдорфын Их Дуулга тэмцээнд түрүүлсэн юм. Экатеринбургийн Их Дуулгаа хүрэл медаль хүртсэн ч Антальягийн Гран Прид тавдугаар байр эзэлжээ. Түүнчлэн Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж, дэлхийд түрүүлсэн юм. Тэрбээр өнгөрсөн жилийн Мастерс тэмцээнд тавдугаар байр эзэлж байв.

Николоз Шеразадишвили (Испани)
90 кг:

Энэ жинд дэлхийн чансааг тэргүүлж буй испани залуу Парисын Их Дуулгад долдугаар байр эзэлж, Дюсселдорфын Их Дуулгад хүрэл медаль хүртсэн. Европын аваргаас хүрэл, Мадридын нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртэж, Будапештийн Гран Прид тавдугаар байр эзэлсэн юм. Дэлхийн аварга болсныхоо дараа Гаагийн Гран Прид мөнгөн медаль хүртжээ.

Гү Хам Чой (БНСУ)
-100 кг:

Дэлхийн чансааны гуравдугаарт жагсаж буй Чой Парисын Их Дуулгаас мөнгө, Хөх Хотын Гран Прид алт, Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн. ДАШТ-ээс алт авсныхаа дараа оролцож буй анхны тэмцээн нь Мастерс юм.

Гүрам Түшишвили (Гүрж)
+100 кг:

Өнгөрсөн жилийн Мастерс тэмцээнд түрүүлсэн гүрж эр Парисын Их Дуулга тэмцээнд тавдугаар байрт орж, Тбилисийн Гран Прид түрүүлсэн. Европын АШТ-д шагналт тавдугаар байрт орсныхоо дараа Загреб болон ДАШТ-ээс дараалан алтан медаль хүртсэн.