Чөлөөт Бөх: Абдулрашид Садулаев “Иван Ярыгин”-ий тэмцээнд оролцохгүй

2081

ОХУ-ын алдарт бөх Абдулрашид Садулаев энэ оны дэлхийн чансаа олгох эхний тэмцээн болох “Иван Ярыгин”-ий тэмцээнд оролцохгүй гэнэ.

Дагестаны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Гайдар Гайдаровын мэдээлснээр дэлхийн гурав, олимпийн аварга Абдулрашид Садулаев нутагтаа болох “Иван Ярыгин”-ий нэрэмжит тэмцээнд өрсөлдөхгүй аж.

Орос танк хочтой А.Садулаевийг АНУ-ын бөх Кайл Снайдер тулаанд дуудсан юм. Өнгөрсөн жилийн ДАШТ-д К.Снайдер ялагдсан хариугаа авахыг хүсч байсан билээ. Дэлхийн хошой аварга, Риогийн олимпийн алтан медальт К.Снайдер “Иван Ярыгин”-д барилдана гэдгээ зарласан. Энэ үедээ орос эрийг бас барилдахыг ятгасан юм. Тэд хоорондоо хоёр удаа таарч, тус бүр нэг ялаад байгаа билээ.

“Иван Ярыгин”-ий нэрэмжит дэлхийн чансаа олгох энэ оны эхний тэмцээн нэгдүгээр сарын 24-27-нд болно.