Жүдо: Ц.Цогтбаатар финалд үлдлээ

901

Францын Парис хотод болж буй Их Дуулга тэмцээнд манай таван жүдоч хагас шигшээд шалгарсан ч Ц.Цогтбаатар ганцаараа финалд тунаж үлдлээ. Харин дөрвөн жүдоч хүрлийн төлөө хүч үзэх юм.

Бага дэлхийн аварга гэгддэг чансаа өндөртэй жүдогийн Их Дуулга болох Парисын тэмцээнд манай улс олон бөхчүүдээ илгээсэн. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг жингийн бөхчүүд өрсөлдсөн юм.

Тэднээс эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар аваргын төлөө шалгарч үлдлээ. ДАШТ-ий шагналт V байрт шалгарч байсан Ц.Цогтбаатар Болгар, Молдав, Израилийн бөхчүүдийг ялаад хэсгийн аваргын төлөө Гүржийн Лаша Шавдатуашвилиг буулган авч, улмаар Косовогийн Акил Гаяковаг ялснаар аваргын төлөө Японы Сочи Хашимототой туналаа.

Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д зодоглосон гавьат тамирчин Д.Амартүвшин Казахстаны Елдос Сметовд ялагдаад хүрлийн төлөө Нидерландын Торник Цяакадоетой учраа таарлаа. Эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг Японы Ами Кондод дийлдсэн юм. Одоо Казахстаны Г.Отгонцэцэгтэй хүрлийн төлөө хүч үзнэ.

Жин өгсөж 52 кг-д хүч сорьж буй М.Уранцэцэг Японы Аи Шишимед ялагдаад хүрлийн төлөө нутгийн жүдоч Астриде Нетотой барилдахаар болжээ. 57 кг-д Л.Энхрийлэн Канадын Жессика Климкэйтэд ялагдаад Японы Момо Тамаокитой медалийн төлөө барилдахаар таарчээ.