Украин залуус дэлхийн аварга боллоо (видео)

2724

u20 буюу 20 хүртэлх насны залуучуудын ДАШТ-д украинчууд түрүүллээ.

Польш улсад гурван долоо хоногийн турш үргэлжилсэн 20 хүртэлх насны залуучуудын дэлхийн аваргын финалд өмнө нь медаль хүртэж байгаагүй Украин болон БНСУ-ын залуус тунаж үлдсэн билээ.

Тоглолт эхлээд ердөө тав дахь минутад торгуулийн цохилт гүйцэтгэх эрхтэй болсон өмнөд солонгосчууд боломжийг алдалгүй ашиглаж, И Кан Ин эхний гоолыг оруулсан. Гэхдээ украинчууд бууж өгсөнгүй. “Динамо Киев”-ийн довтлогч Владислав Супряга дараалан хоёр гоол оруулснаар тэргүүлэгчийн байр өөрчлөгдсөн. Улмаар тоглолтын 89 дахь минутад Георгий Цитаишвили тооны харьцааг холдуулснаар энэ жилийн аварга баг тодорсон юм.

Украин 3:1 БНСУ

Украин залуус өмнө нь тус тэмцээнд шөвгийн 16-гаас хэтэрч үзээгүй аж. Түүнчлэн хуучнаар ЗХУ-аас салсанаас хойш Олон Улсын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан томоохон тэмцээнд анх удаа түрүүлж байна.

Харин БНСУ-ын хөлбөмбөгчид шар тивээс үзүүрлэсэн хоёр дахь баг боллоо. Өмнө нь Японы шигшээ баг 1999 онд Испанитай аваргын цомын төлөө хүч сориод, 4:0-ээр хожигдсон билээ. Гуулин улсын хөлбөмбөгчид 1983 оны ДАШТ-д дөрөвдүгээр байр эзэлсэн амжилтаа шинэчилсэн.

И Кан Ин

Тус тэмцээний шилдэг тоглогчоор БНСУ-ын болон Испанийн “Валенсиа” клубийн И Кан Ин шалгарлаа. Шилдэг хаалгачаар Укрианы шигшээ болон Испанийн “Леганес” клубийн Андрей Лунин тодорсон юм. Мэргэн буучаар Норвегийн шигшээ болон Австрийн Эрлинг Холанд 9 гоолоор тодров. Э.Холанд Хондурасын эсрэг тоглолтод бүх гоолоо оруулсан билээ.