Жүдо: Дэлхийн аварга Саид Моллаеи Монголын иргэн боллоо

2374

Дэлхийн хошой медальт, Ираны нэрт жүдоч Саид Моллаеи Монголын иргэн болжээ. Ингэснээр тэрбээр Чиндаод болох Мастерсын тэмцээнд манай улсын нэр дээр оролцох аж.

Улс төрийн асуудлаас болоод Ираны иргэншилээс татгалзсан дэлхийн хошой медальт Саид Моллаеиг манай улсын иргэншил авч, улмаар Монголын жүдо бөхөд зүтгэх боллоо.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д сүүлийн гурван жил дараалан дэлхийн дэвжээнд медалийн төлөө өрсөлдсөн С.Моллаеи 2017 онд хүрэл, өнгөрсөн жил алтан медаль хүртсэн. Харин энэ жилийн ДАШТ-ий үеэр Израилийн Саки Мукитай барилдах магадлалтай байсан юм. Израиль бөхтэй барилдуулахгүй гэж түүнийг дарамталсан тул Бельгийн Матиас Касстай барилдахаас татгалзсан билээ.

Саед Моллаеи

Ираны иргэншлээс татгалзсан Саед өнгөрсөн хугацаанд Германаас улс төрийн орогнол хүссэн ч иргэншил авч чадаагүй. Улмаар Олон улсын жүдо бөхийн холбооны дүрвэгчдийн багийн нэр дээр тэмцээнд оролцож байв.

Уг нь дүрэм ёсоор бол С.Моллаеи манай улсын иргэншил авч, бүхнийг шинээр эхэлвэл дэлхийн чансааны оноогоо хасуулах ёстой юм. Гэхдээ IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоо улс төрийн шаардлагаар иргэншлээ сольсон С.Моллаеиг онцгой нөхцөл байсан хэмээн үзэж, оноог нь хэвээр үлдээжээ.

Түүнчлэн энэ сарын 12-14-нд болох БНХАУ-ын Чиндаод болох Мастерс тэмцээнд анх удаа манай улсын нэр дээр оролцохоор бүртгэлд орсон байна.

Чиндао Мастерст барилдана

Эрэгтэйчүүдийн 81 кг-д С.Моллаеигаас гадна О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, Б.Гаажадамба нарын бөхчүүд бий. Одоогоор О.Ууганбаатар дэлхийн чансааны 17-д, Н.Дагвасүрэн дэлхийн чансааны 27-д жагсаж байгаа билээ. Харин С.Моллаеи дэлхийд чансаагаар гуравдугаарт бичигдэж байгаа юм.