О.Бямба-Эрдэнэ эрх авч чадсангүй

1155

Йорданы Амман хотод сонирхогчдын боксын олимпын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын тэмцээн болж байгаа билээ.

Тэмцээний ес дэх өдөр эрэгтэйчүүдийн 75 кг-д манай боксчин О.Бямба-Эрдэнэ, Ираны Сейедшахин Моусавитай тулалдсан юм. Тэдний хэн ялсан нь “Токио 2020”-ыг улсынхаа хоёр дахь эрхийг авах байлаа. Харамсалтай нь, гурван үеийн турш үргэлжилсэн тулаанд О.Бямба-Эрдэнэ 4:1-ээр дийлдэж, эрхээ авч чадсангүй.

Тулааны эхний үед шүүгчдээс илүү оноо авсан ч О.Бямба-Эрдэнэ энэ давамгайллаа удаан хадгалж чадсангүй. Дараагийн хоёр үед иран эр илүү оноо авснаар ялалт байгуулсан. Төгсгөлийн гуравдугаар үед манай боксчны хөмсөг задарсан тул шүүгч хугацаанаас нь өмнө тулааныг зогсоосон.

Ийнхүү Ази, Номхон далайн орнуудын олимпын эрх олгох тэмцээнд 13 боксчинтой оролцсон манай улсаас эрэгтэйчүүдийн 63 кг-д Б.Чинзориг ганц эрхийг авчирлаа. Одоогоор 30 улсын боксчид “Токио 2020”-ыг зорих “тийз”-ээ авчээ.

Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн ирэх тавдугаар сарын 13-20-нд Францын Парис хотод болох юм. Тус тэмцээнд эхний 4-5 байрт орсон боксчид эрх авах боломжтой аж.