Монголын оюутны спортын V наадмын нээлт болов

968

Монголын оюутны спортын V наадмын албан ёсны нээлт өнөөдөр Спортын төв ордонд 15:00 цагаас боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын 27 Их Дээд сургуулийн оюутны баг тамирчдын төлөөлөл цагаан толгойн үсгийн дарааллаар СТО-ны “А” зааланд жагссан.

Улмаар Монголын оюутны спортын V наадмын нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн хүндэт зочдыг танилцуулахад Олон улсын оюутны спортын холбооны ерөнхий санхүүч, Монголын оюутны спорын холбоо /МОСХ/-ны ерөнхийлөгч, гавьяат эдийн засагч Д.Баясгалан, Ерөнхийлөгчийн соёл, нийгмийн бодлогын зөвлөх С.Ламбаа, БТСУХ-ны дэд дарга, тус наадмын Зохион байгуулах хорооны дарга Ц.Одонбаяр, Ази тивийн оюутны спортын холбооны дэд ерөнхийлөгч, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, Монголын их дээд сургуулийн консерциумын тэргүүн, ХААИС-ийн захирал, доктор Т.Хэрүүга, МҮОХ-ны Ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр, БШУЯ-ны дээд боловсрлын газрын дарга Г.Батнэмэх, наадмыг дэмжигч Эрдэнэс-Тавантолгой ХК-ны захиргаа, удирдлагын газрын дарга Х.Батсайхан, Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч Г.Сүхбат нарын тэргүүтэй хүндэт төлөөлөгчид, зарим их, дээд сургуулийн захирлууд, спортын холбоодын удирдах албаны хүмүүс оролцлоо.

Наадмыг албан ёсоор нээж МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан “Эрхэм оюутан залуус, багш дасгалжуулагч нараа, Хүндэт зочид төлөөлөгчдөө, Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын удаа дараагийн тогтоолын дагуу манай холбоо 2005 оноос эхлэн Монголын Оюутны Спортын Универсиад наадмыг Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Гадаад хэргийн яам, Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран орон даяар болон гадаадад суралцагч оюутан залуусын дунд тав дахь удаагаа зохион байгуулахаар бэлтгэл ажлыг амжилттай ханган биелүүлж, ийнхүү нээлтээ хийж байна. Оюутны спортын “Универсиад” наадам нь үндэсний болон олон улсын түвшинд оюутны спортыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж ирсэн, түүхэн ач холбогдолтой билээ.Монголын оюутны спортыг анхаарлынхаа төвд байлгаж, дэлхийн Универсиад наадмын жишгийн дагуу 2020 оноос эхлэн хоёр жил тутамд явуулж байхаар шийдвэрлэн, санхүүгийн туслалцаа үзүүлж буй Монгол Улсын Засгийн газарт МОСХ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.Энэхүү наадмыг зохион байгуулахад МОСХ-той гэрээ байгуулан, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа “Үндэсний их бүтээн байгуулалтын эхлэл” уриатай Б.Ганхуяг захиралтай “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хамт олонд Универсиад V наадамд оролцож байгаа та бүхний болон нийт төлөөлөгчдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархалаа илэрхийлэхийг хүсч байна. МОСХ өөрийн санал, санаачлага, хөрөнгө санхүүжилтээр жил бүр оюутны дунд Универсиад наадам, оюутны УАШТ-ийг спортын олон төрлөөр их, дээд сургуулиудтайгаа хамтран тасралтгүй зохион байгуулж ирсэн. Харин 2021 оноос эхлэн Универсиад өнжих сондгой тоотой жилд та бүхний дунд оюутны УАШТ-ээ байнга зохион байгуулан явуулах болно. Оюутан залуучуудаа, та бүхнийг үндэсний Универсиад наадамдаа амжилттай оролцож, Ази тивийн болон дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн, БНХАУ-ын Чэндү хотноо 2021 оны 8 дугаар сарын 18-29-нд болох дэлхийн оюутны XXXI Универсиад наадамдаа шалгаран оролцох эрхээ авч, амжилттай өрсөлдөхийг Олон улсын оюутны спортын холбоо болон МОСХ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа хүсэн ерөөж байна” гэлээ.

Үүний дараа Монголын шилдэг дөрвөн оюутан тамирчин Төрийн далбааг Спортын төв ордонд хүндэтгэлтэйгээр залан мандуулж, Оюутны наадамд оролцох тамирчдаа төлөөлж шатрын ОУИМ С.Билгүүн, наадмын шүүгчдийг төлөөлж ширээний теннисний улсын шүүгч Б.Цэрэндорж нар тангараг өргөсөн юм.

Оюутан тамирчид анх удаа энэ наадмын үеэр өөрийн сүлд дуутай болсон болов. Дууг МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Доржсүрэнгийн Жаргалсайхан санаачлан, продюсерээр ажиллан, Сүлд дууг “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан ая, үгийг зохион бүтээсэн байна. Наадмын нээлтийн ёслолын хамгийн оргил болсон энэ мөчид дуучин Дашдэвэгийн Жаргалсайхан шинээр төрсөн дуугаа анх удаа дуулж, оюутан залуустаа урам зориг өглөө.

Ийнхүү “Монголын оюутны спортын V наадам”-ын албан ёсны нээлт амжилттай болж, олон хүний сэтгэлд хүрсэн арга хэмжээ болов. Спортын төв ордонг ойрын жилүүдэд чимээгүйгээр гоо сайхан болгон, дэмжиг болон зохион байгуулагчдын анонс, лозун, зургаар танигдахгүй болгосон байлаа.Маргааш 09:00 цагаас Спортын төв ордны энэхүү зааланд сагсан бөмбөгийн эрэгтэй багуудын тоглолтоор тэмцээний үйл ажиллагаа эхэлнэ. Харин эмэгтэй багууд МУБИС-ийн БТС-ийн зааланд хүч, хурд, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж эхлэх юм.

МОСХ-ны хэвлэлийн алба