Дуулиан: Флойд Мэйвэйдер эргэн ирнэ

1263

Мэргэжлийн боксын шилдэг тулаанч Флойд Мэйвэйдер сүүлд зодог тайлснаа зарласнаас хойш гурван жилийн дараа дахин рингэнд гарахаар төлөвлөжээ.

Энэ жил 43 настай Флойд хамгийн сүүлд 2018 онд Японы кикбоксчин Теншин Насүкаватай тулалдсан юм. Япон эрийг ердөө 139 секундэд буулган авч, 9 сая ам.долларын урамшуулал хүртсэн америк боксчин 2021 онд дахин тулаан хийхээр төлөвлөж байгаагаа зарлав. Хэрвээ цар тахал болоогүй бол энэ онд рингэнд гарахаар төлөвлөж байсан Флойд 2021 онд Японы Токио хотод тулалдахаар болсноо мэдэгдлээ.

Гэхдээ Флойд дараагийн өрсөлдөгчөө зарласангүй. Магадгүй Японд тулалдах учраас өрсөлдөгч нь тулааны спортоор нэрд гарч буй залуу тамирчин байх болно гэж шинжээчид таамаглаж буй.

“Мөнгө” хочит Флойд мэргэжлийн боксын замналаа 50 ялж, нэг ч хожигдоогүй үзүүлэлттэй дуусгасан. Анхны тулаанаа 1996 онд хийснээс хойш 2017 онд холимог тулаанч Конор МакГрегортой тулалдах хүртлээ нийт гурван удаа их спортоо орхиж, эргэн ирж байжээ.