Рожер Федерер Францын нээлттэй тэмцээнийг өнжинө

1640

Талбайн теннисний эрэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлж буй Швейцарийн Рожер Федерер хоёр тэмцээн дараалан эхний шатнаас мултарсан. Майамигийн нээлттэй тэмцээнд эхний даваанд Австралийн Танаси Коккинакист ялагдсан юм.

Энэ жил 36 настай Р.Федерер дэлхийн чансааг тэргүүлсэн хамгийн ахмад теннисчин болсон билээ. Гэвч ирэх дөрөвдүгээр сарын 2-нд шинэчлэгдэх шинэ чансаагаар Испанийн Рафаэль Надалийг урдаа алдах нь тодорхой болсон юм.

Танаси Коккинакистийн хувьд 2003 онд дэлхийд чансаагаараа 178-д бичигдэж байсан Франческо Клавет тухайн үед дэлхийн чансааг тэргүүлж байсан Австралийн Ллейтон Хевиттийг ялснаас хойш чансаагаар хамгийн хойно бичигдсэн ч №1-ийг ялсан теннисчин болов. Австрали эр 175-д бичигдэж байсан юм.

Р.Федерер 2014 оноос хойш анх удаагаа хоёр дараалан ялагдсан. Өнгөрсөн ням гаригт Индиан Уэйлсийн тэмцээнд Аргентиний Хуан Мартин дел Потрог бараагүй юм. Тэгвэл Р.Федерер дэлхийн чансааг дахин тэргүүлэхийн төлөө зүтгэхгүй, хэсэгтээ завсарлага авахаар болжээ. Тэрбээр шороон талбайн улирлыг хоёр дахь жилээ дараалан өнжиж байгаа нь энэ бөгөөд үүний дотор Францын нээлттэй тэмцээн багтсан юм.