Дарья Билодид “Ээжийн минь шүүмжлэл намайг хүчирхэг болгодог”

2007

Дэлхийн хоёр удаагийн аварга, эмэгтэйчүүдийн спортын шинэ нүүр царай болж буй өдгөө 20 настай Украин жүдоч Дарья Билодидын Олимпын сувагт өгсөн ярилцлагаас хүргэж байна.

Жүдо Дарья Билодидын цусанд бий.

Бүсгүйн эцэг эх нь хоёулаа жүдоч байсан бөгөөд аав Геннадий нь 73 кг-ийн жингийн хоёр удаагийн Европын аварга юм. (2001, 2003) Спортын гэр бүлд өссөн Дарья багаасаа жүдод дурлажээ. Эцэг эх нь ч охиныхоо хүсэл сонирхлыг дэмжин дасгалжуулж эхэлсэн бөгөөд оролцсон тэмцээн болгонд нь хамт байсаар ирсэн.

“Тамирчны ген надад бий. Үүнд эргэлзэх зүйл байхгүй. Аав ээжээсээ би спортлог зан чанарыг өвлөсөн”

“Тэд бас миний дасгалжуулагч болохоор үргэлж хамт байдаг юм. Хаана ч явсан салахгүй. Миний амьдрал үргэлж л ийм байсаар ирсэн”

“Тэд надад юу гэж хэлдэг вэ гэж үү? Дасгалжуулагч бас аав ээжийн хэлдэг бүхнийг л. Сэтгэл зүйгээ зөв бэлдэж, хийж байгаадаа төвлөрөхөд минь тэд надад тусалдаг. Өмнөө гарч ирсэн өрсөлдөгч болгоныг ялж чадах хүч гарт минь байгаа гэдгийг минь тэд надад итгүүлдэг”

Арван сарын сүүлээр явагдсан Унгарын Их Дуулгад Дарья жин өгсөн -52 кг-д барилдаж хүрэл медаль хүртсэн. -48 кг-ийн чансааг тэр саяхныг хүртэл тэргүүлж байсан ч энэ тэмцээний дараа нэг байр ухран хоёрт бичигдэж байгаа юм. Ямар ч амжилт гаргаж, нэр хүнд, чансаа нь яаж ч өгсөж уруудсан даруу төлөв байж, зорилгодоо хүрэхийн төлөө тууштай байхыг тэр эрхэм болгодог. Энэ хандлага, зан чанарыг мэдээж эцэг эх нь түүнд төлөвшүүлсэн.

“Ээж маань миний хамгийн чухал шүүмжлэгч. Зарим зүйлийг сонсоход хэцүү ч гэсэн сайжрахын тулд сонсохоос өөр аргагүй. Болж бүтэхгүй байгааг минь шууд хэлж байхыг би ээжээсээ гуйдаг. Сайн бол сайн, муу бол муу байгааг минь тэр шууд л нүүрэн дээр минь хэлдэг. Ингэж байж л би ахиц дэвшил гаргана шүү дээ. Хий хоосон тойруулсан үгс хэрэггүй”

Билодидынхон саяхан Украины шилдэг дасгалжуулагчдаар нэрлэгдсэн юм. Светлана охиноо барилдах бүрт дэвжээний дэргэд зогсож байдаг. 

“Тэдний надад заасан хамгийн чухал зүйл нь даруу төлөв байх. Хэдий өндөрт гарч, амжилт гаргасан ч гэсэн өөрийгөө байнга анзаарч, даруухан байх хэрэгтэй. Заримдаа би сэтгэл хөдлөлдөө автдаг. Үүнийгээ анзаарахгүй өнгөрөх үе бий. Дараа нь гэрийнхнээсээ миний гаргасан авир зохимжгүй байсан уу үгүй гэдгийг асуудаг. Хэрвээ тийм бол өөртөө дүгнэлт хийж дараагийн удаа үг үйлдлээ хянаж, илүү төлөв бодолтой байхыг мэрийнэ. Даруу төлөв, ухаантай шударга хүнийг би их хүндэлдэг” 

“Дэвжээн дээр гарах тоолондоо би ээжийгээ үнсдэг. Миний мухар сүсэг гэх юм уудаа”

2018 оны Бакугийн Дэлхийн аваргад Дарья 17 насандаа түрүүлж хамгийн залуу Дэлхийн аварга болсон. (-48 кг) Улмаар энэ цолоо 2019 онд Токиод ахин хамгаалсан юм. Эрэгтэй, эмэгтэй аль ч ангилалд 20 наснаасаа өмнө хошой дэлхийн аварга болсон жүдоч түүнээс өөр байхгүй. Энэ спорт өөрийг нь тамирчин болон хувь хүний аль аль өнцгөөс нь өөрчилснийг тэрээр ярьдаг. 

“Миний хувийн зан чанар, юманд хандах хандлага жүдогоор дамжиж хөгжиж төлөвшсөн. Амьдралд хэрэгтэй олон чанаруудыг би энэ спортоос ойлгож олж авсан. Тэмцэгч, тууштай, зоримог, шийдэмгий, шударга байх гэх мэт”

Тулааны спортоор хичээллэдэг эмэгтэйчүүдийг дагасан басамжлах, үл ойшоох, ялгаварлах зэрэг хэвшсэн ойлголтууд өөрт нь огт нөлөөлдөггүйг тэр бас хэлдэг. 

“Хэвшмэл ойлголтууд санааг минь зовоодоггүй. Зөвхөн эрчүүдийн спорт гэсэн зүйл байхгүй. Хэн ч гэсэн ямар ч спортоор хичээллэж болно. Тэндээсээ аз жаргал, сэтгэл ханамжийг мэдэрч, зорилго тэмүүлэлтэй байх нь л чухал”

“Жүдогоор хичээллэлээ гээд эмэгтэйлэг байдлаа гээх шаардлагагүй. Аль алиныг нь хослуулахад болохгүй зүйл үгүй шүү дээ. Дэвжээний гадна талд би эмэгтэйлэг байдлаа хадгалахыг хичээдэг. Харин татами дээр бол тэмцэгч дайчин хэвээрээ л үлдэнэ. Би хэнд ч юуг ч батлах шаардлагагүй гэж боддог. Хүмүүс намайг байгаагаар минь л хүлээж аваасай л гэж хүсдэг”

“Эмэгтэй хүн жүдогоор хичээллэхэд ямар ч асуудал байхгүй. Бие бялдар, оюун санаа, хүмүүжил төлөвшлөө хөгжүүлэхэд нь харин ч ашиг тустай. Энэ бол гайхалтай сайхан спорт”