Доха 2030: Азийн олимп Катарын нийслэлд болно

2351

Азийн олимпын зөвлөл (OCA) – ийн ерөнхий ассамблей Оман улсын нийслэл Мускат хотод цахимаар хуралдах талаар манай сайт мэдээлсэн билээ.

Уг хурлаар 2030 оны Азийн наадмыг аль улс зохион байгуулах талаар санал хураасан юм. Тэгвэл OCA-гийн тэргүүн Шейх Ахмад Аль-Фахад Аль-Сабах санал асуулгад хамгийн олон санал авсан Доха хот 2030 оны Азийн наадмыг зохион байгуулах хотоор тодорсныг зарлав. Сунгаанд ялагдсан ч Саудын Арабын Рияад гар хоосон буцахгүй. Тэд 2034 оны Азийн наадмыг нутагтаа хийхээр болжээ.

Катарын Доха хот 2006 оны Азийн наадмыг зохион байгуулсан туршлагатай. Монгол Улсын шигшээ баг тэр жилийн наадмаас хошой алт (Х.Цагаанбаатар, Д.Нямхүү), таван мөнгө, найман хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 21-д жагссан түүхтэй.

Санал хураалтыг цахимаар явуулах үеэр техникийн асуудал үүсэж, зарим улс саналаа өгөхөд хүндрэл гарсан юм. Үүгээр ч зогсохгүй Азийн олимпын зөвлөлийн гишүүний хувийн лаптопт гадны халдлага гарч, өөр хүний лаптопыг түр хэрэглэхээс өөр аргагүйд хүрчээ.

Энэхүү цахим хуралд манай улсаас МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нарын төлөөлөгчид оролцсон билээ.