Жүдо бол зөвхөн спорт төдий зүйл биш юм. Жүдочид бөх барилдаж, тулааны урлагаар бэлтгэл хийж бас өрсөлдөгчөө хүндлэх соёлд суралцдаг.
Жүдо нь 1960-аад оноос эрс хөгжиж, 1964 оны Токиогийн олимпын хөтөлбөрт анх багтсан. Улмаар 1972 оноос өдгөөг хүртэл олимпын наадмын бас нэгэн чимэг болжээ. Эмэгтэйчүүд 1980 оноос хойш ДАШТ-д хүч сорих болсон төдийгүй 1992 оны Барселонагийн олимпоос хойш их наадмын бас нэгэн сорилго болсон юм.
Жүдогоор хичээллэдэг олон сая хүн бий. Дэлхийд нэрээ дуурсгасан холливудын одод ч янз бүрийн шалтгаанаар энэ спорттой холбогдсон түүхтэй. Тэдний заримаас нь танилцуулья.
Кену Рийвес
Энэ жагсаалтад байх хамгийн алдартай холливудын од нь магадгүй Кену Рийвес болов уу. Нэрт жүжигчин эр 1999 онд дэлгэцнээ гарсан “Матрикс” кинонд дүр бүтээхдээ тулааны урлагаар тууштай хичээллэсэн билээ. Ялангуяа жүдогийн олимпын гурван удаагийн аварга Тадахиро Номүратай хамт бэлтгэл хийсэн нь үр дүнгээ өгч, “Матрикс”-ын дараагийн гурван кинонд дүрээ бүтээхэд нь тус болсон юм. Хожим К.Рийвес дараагийн цуврал кино болох “Жон Вик”-т дүр бүтээхдээ дөрвөн сарын турш жүдогоор хичээллэж байв. Улмаар 2015 онд “Жон Вик” киноны анхны анги Токиод нээлтээ хийхэд Т.Номүра шавьдаа хар бүс олгосон билээ.
Чак Норрис
1980-иад оны тулаантай киноны тод од болон гялалзаж явсан Ч.Норрис жүжигчин болохоосоо өмнө нисэх хүчинд зүтгэж явсан офицер хүн. БНСУ-д байрладаг Осаны агаарын баазад алба хашиж байхдаа жүдогоор хичээллэж байв. Анх хичээллэж байхдаа мөрөө гэмтээсэн ч шүд зууна зүтгэсээр хар бүс авч байлаа. Гэхдээ Чакийн хар бүсийн тоо жүдогоор хязгаарлагдахгүй. Тэрбээр таеквондо, каратэ, жиү жицүгийн хар бүстэй.
Жон Фоо
Сингапур гаралтай англи жүжигчин Жон Фоогийн эцэг нь каратэ, ээж нь жүдогоор хичээллэдэг. Тиймээс ч жүжигчин эр жүдо барилдаж, тулааны урлагийн арга техникээс суралцжээ.
Жаки Чан
Хятадын хамгийн алдартай холливудын жүжигчин гэж хэлж болох Жаки Чан тулааны олон төрлөөр хичээллэдэг. Кунг фу, Хапкидогийн хар бүстэй, таеквондо, шаолин кунг фугаар хичээллэж явсан Ж.Чан жүдо, жиү жицүгийн хар бүстэй юм.
Гай Ричи
Найруулагч, кино зохиолч Гай Ричи дэлгэцийн дүрээсээ илүү дуучин Мадоннагийн экс нөхөр гэдгээрээ танигдсан нэгэн. Тэрбээр урлагийн хүн болохоосоо өмнө тулааны урлагт дурлаж явсан эр. Шотокан каратэгаар долоон настайгаасаа хичээллэсэн Гай хожим каратэ, жүдогийн хар бүс, жиү жицүгийн бор бүстэй болсон билээ.
Мик Жаггэр
Английн алдарт дуучин, ая зохиогч Сир Мик Жаггэр багадаа жүдогийн клубт элсэж байв. Нэрт дуучны аав нь спорт ойлгодог хүн байсан тул хүүгээ жүдогийн секцэнд бүртгүүлэхийг зөвлөж байсан гэнэ.
Наоми Уаттс
Австралийн телевизийн цувралаас алдарын гараагаа эхэлж, хожим холливудын нэртэй жүжигчин болсон британи бүсгүй Наоми Уаттс урлагийн замнал хөөхөөсөө өмнө буюу 1989-1992 онд жүдогоор хичээллэж, багагүй тэмцээнд оролцсон туршлагатай.