Чи хэзээ ч ганцаараа алхахгүй

2206

You’ll never walk alone дууг амилуулж Ливерпүүлийн сүлд дуу болгоход гол үүрэг гүйцэтгэсэн Жерри Марсден өчигдөр 78 насандаа бурхан болжээ. Амгалан болтугай!

“You’ll never walk alone” дууны түүх

“You’ll never walk alone” буюу “Чи хэзээ ч ганцаараа алхахгүй” дууны аяыг хөгжмийн зохиолч Ричард Рожэрс , үгийг нь дуурийн жүжгийн зохиолч Оскар Хаммерштейн бичиж, анх 1945 онд Carousel дуулалт жүжиг дээр эгшиглүүлэн олны хүртээл болгосон аж. Америкийн уугуул Рожэрс, Хаммерштейн нар 1940-50 он буюу дуулалт жүжгийн (мюзикл) театрын “Алтан үе”-д алдарт Бродвейн мюзикл театрыг үндэслэсэн хүмүүс юм. 1960-аад онд Английн хөлбөмбөгийн “Ливэрпүүл” клуб энэ дууг цэнгэлдэхэд тоглолтын өмнө бултаараа дуулдаг сүлд дуу болгон сонгож авсны дараа өөр олон клуб мөн сүлд дуугаа болгожээ.

“You’ll never walk alone” дуу Carousel-д тоглогдсоноос гадна Фрэнк Синатра, Gerry & the Pacemakers хамтлаг, Элвис Пресли, Дорис Дэй зэрэг олон алдартнууд дуулж, студид бичүүлсэн байна. Америкийн Concert for America, Лондоны Royal Albert Hall, Hyde Park, Salford, Greater Manchester, Hillsborough Castle, Хойд Ирландын Caird Hall, Шотландын Dundee гээд бараг бүх л алдартай театр, задгай талбайд энэ дуу цууриатаж байсан юм.Их Британид төдийгүй дэлхий даяар энэ дууг хамгийн их алдаршуулсан хамтлаг нь Merseybeat стилээр тоглодог Ливерпулийн Gerry and the Pacemakers хамтлаг юм.

Merseybeat стилийг домогт Жон Ленноны ангийн анд Билл Харри бий болгосон гэдэг.Gerry and The Pacemakers хамтлагийг үүсгэн байгуулагч, Liverpool FC-ийн “час улаан” фэн Жерри Марсден 1963 онд энэ дууг дуулж бичүүлсэн нь Анфилд дахь тоглолт бүрийн өмнө эгшиглэж, копайтуудын сэтгэл зүрхийг хөглөсөөр байгаа билээ.
Тухайн үедээ Жерригийн “You’ll never walk alone” Британийн шилдэг дууны жагсаалтыг дөрвөн долоо хоногийн турш тэргүүлж байжээ. Энэ дуу тэр даруйдаа Английн хамгийн суутай Ливэрпүүл хөлбөмбөгийн клубын сүлд дуу болон хувирч клуб болон үнэнч хөгжөөн дэмжигчдийнх нь салшгүй нэгэн хэсэг болсон юм. “You’ll never walk alone” хэмээх үг Мерсисайдын агуу клубын гэр болсон Анфилд цэнгэлдэхийн Shankly Gate хаалга болон сүлдэн дээр байраа эзэлсэн билээ.

Жерри Марсден 1963 оны зун Ливэрпүүлийн дасгалжуулагч Билл Шэнклид бичүүлэх гэж буй дууныхаа талаар ярьж танилцуулсан хэмээн бидний хайртай клубт 1965-1977 онд тоглож, ахлагчийн туузыг нь ч зүүж явсан Томми Смит дурсан ярьсан байдаг. Дашрамд сонирхуулахад, домогт Шэнкли уян хатан, ухаалаг тоглолтоороо бүхнийг бишрүүлсэн энэхүү хамгаалагчийг “Тэр бол төрсөн биш, нухлагдаж, шигшигдэж гарч ирсэн тоглогч” хэмээн тодорхойлж байв.“Шэнкли тэр дууг сонсоод шууд л дуу алдан биширсэн. Ингээд л тэр даруйдаа энэ дуу манай клубын сүлд дуу болсон доо. Бидний тоглолтыг дагаж явдаг спортын сэтгүүлчид Ливэрпүүл клуб Жерри Марсдений дууг клубынхээ сүлд дуу болгосны дараа тоглолтод нь ямар их нөлөө үзүүлж байгаа талаар уралдан бичдэг байсансан” хэмээн Томми Смит ярьсан удаатай. Дараа нь “You’ll Never Walk Alone” top-chart.-аас алга болсон ч копайтууд дуулсаар ирсэн ажээ. Мэндэлсэн цагаасаа хойш бараг хагас зууны турш мартагдалгүй дуулагдаж, үнэнч копайтууд төдийгүй бусдыг ч “ирлэн хурцалж”, зоригжуулсаар ирсэн хуруу дарам цөөхөн дууны нэг нь яахын аргагүй “When you walk through a storm ……….” юм.

Ливэрпүүлийн фэнүүд хамгийн шилдэг, хамгийн үнэнч, хамгийн их дуулдаг хэмээх алдрыг хүртэхэд энэ дууны нөлөө багагүй байсан нь ойлгомжтой.Дараагаар нь энэ дууг Шотландын Селтик, Голландын Фейенорд, Твенте, Гамбуур, Германы Боруссиа Дортмунд, Кайзерслаутерн, Боруссиа Мюнхенгладбах, Алеманиа Аахен, Сент Паули, Дармстад, Японы FC Tokyo клубууд сүлд дуугаа болгожээ.Алдарт Pink Floyd 1971 онд гаргасан Fearless цомогтоо “You’ll never walk alone”-ийг багтааж байв. 1985 онд Брэдфорд хотын Valley Parade цэнгэлдэхэд лигийн тоглолтын үеэр гал гарч 56 хөгжөөн дэмжигч амиа алдсан. Тэдний дурсгалыг хүндэтгэсэн олон нийт “You’ll Never Walk Alone”-ийг дуулахад Жерри Марсден, Пол Маккартни, Ролф Харрис нар дунд нь байсан юм. Хэдэн жилийн дараа Испанийн олимпийн хорооны ерөнхийлөгч Алехандро Бланко Анфилдэд “You’ll Never Walk Alone”-г сонссоныхоо дараа “Ийм гоё үгтэй сүлд дуу сонсоод өөрийн эрхгүй дотор нь орчих шиг боллоо. Испаниуд бид төрийн сүлд дууллаа үгтэй болгох хэрэгтэйг ойлголоо” хэмээн өчжээ.2009 оны арваннэгдүгээр сарын 15-нд Хановер клубын цэнгэлдэхэд харамсалтайгаар хорвоог орхисон залуу хаалгач Роберт Энкег (Германы шигшээд дуудагдаж явсан) амарлингуйн замд нь үдэх ёслол болоход 17 настай сурагч бүсгүй Алина Шмидт “You’ll Never Walk Alone”-ийг дуулжээ.

2012 оны есдүгээр сард Хилсборогийн хэргийг шалгах хараат бус комиссын дүгнэлт гарсны дараа “You’ll Never Walk Alone” Британийн шилдэг дууны жагсаалтад дахин орж ирсэн байна. 1989 оны дөрөвдүгээр сарын 15-нд Шеффилд хотын цэнгэлдэхэд амиа алдсан Ливэрпүүлийн 96 үнэнч хөгжөөн дэмжигчийн 41-ийнх нь амийг аврах боломжтой байсан, эрх баригчид өөрсдийгөө “цэвэр үлдээж”, энэхүү эмгэнэлт явдалд зөвхөн хөгжөөн дэмжигчид буруутай хэмээн харагдуулахын тулд цагдаа нарын мэдүүлгийг өөрчилж байсан нь тодорхой болсон билээ. 2012 оны есдүгээр сард iTunes-ээс хамгийн их татагдсан дуугаар Жерри Марсдений дуулсан “You’ll never walk alone” тодорчээ. Марсден iTune-ээс татагдсан дууныхаа бүх орлогыг Хилсборогийн буяны санд хандивлах шийдвэр гаргасан нь бүх британичууд, бүх копайтуудын сэтгэлийг хөдөлгөсөн юм.

Жерри Марсдений дээрх шийдвэрийг Ливерпуль хотын экс дарга, Ливерпулийн парламентын гишүүн Стив Ротерам “Агуу үйлс, агуу хүн” хэмээн тодорхойлжээ. 2012 оны есдүгээр сарын 16-нд “You’ll never walk alone” дуу UK Singles Chart-д 12-р байранд орж ирж, 24-хөн цагийн дотор 28 мянган хувиар татагдаж (зарагдаж) байсан аж.Хилсборогийн дурсгалыг хүндэтгэх 20 жилийн ойн арга хэмжээ Анфилдэд болоход Жерри Марсден хүүтэйгээ гарч ирж “You’ll never walk alone”-ийг дуулаад дуусахдаа уйлж байсан юм. Бидний хайртай Ливэрпүүл клубыг үргэлж ялалт, амжилтад уриалан дуудаж байдаг, копуудын сэтгэл зүрхэнд хоногшсон сүлд дууг амилуулсан Жерри Марсден танд талархаад талархаад ханашгүй.

You’ll never walk alone!

Орчуулсан: Б.Нямдорж