Японы парламентийн шинэ чуулган дээр Ерөнхий сайд Ё.Суга нь хойшлогдсон наадмыг заавал зохион байгуулах түүхэн үүрэгтэй гэдгээ дурьдаад, цар тахлыг хяналтдаа авч, фронтын тэргүүн шугаманд ард түмнийхээ хамт зүтгэх болно гэдгээ мэдэгдэв.
“Токио~2020 олимп руу урагшилдгаараа л урагшилна” гэж түрүүчийн 7 хоногт мэдэгдсэн Японы захиргаа, шинэтгэлийн сайд Т.Коно нь хурц байдлыг даван туулах КОВИД~19 Вакцин эрхэлсэн сайдаар томилогдов. Ирэх сарын сүүлчээр Японд вакцинжуулалт эхэлнэ.
Мөн Токио~2020 олимпийг зохион байгуулагчид нь баг тамирчдыг тухайн тэмцээнээсээ 5 хоногийн өмнө олимпийн тосгонд нэвтрэхийг зөвшөөрч, тэмцээн дууссаны дараа 2 хоногийн дотор тосгоноос нэн даруй гарах хатуу дүрэм баримтлахаа мэдэгдээд байгаа.
ОУОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд удаа дараа ялагдсан, Дэд Ерөнхийлөгч асан Канадын Д.Паунд, Австралийн К.Госпер нар “Токио~2020” наадмыг цуцлагдах магадлал өндөр ба 206 орны эрх ашиг хөндөгдөх тул НҮБ-ын оролцоо их чухал талаар дуу дуугаа авалцан мэдэгдэв.
Гэтэл Английн сэлүүрт завины олимпийн 4 удаагийн аварга, ОУОХ-ны гишүүн асан М.Пинсент нь “Токио~2020” олимпийг шууд 2024 он руу шилжүүлж, Парис~2024-ийг 2028 онд, Лос~Анжелесийн олимпийг бүр 2032 онд “цааш нь гүйлгэн зохиох” тэс ондоо, этгээд хувилбарыг санал болгов. Харин ОУОХ, Токио~2020 ЗБХ (зохион байгуулах хороо) нь наадмыг хойшлуулахгүй гэдэг хамтарсан мэдэгдлээ дэлхий дахинаа тараасан билээ.
ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурлаар энэ асуудлыг нухацтай хэлэлцэнэ. Хамгийн гол нь III сарын сүүлчээр Японы засгийн газар нь олимпийн талаар ямар шийдвэр гаргахаас бүх зүйл шалтгаалах юм.
Дашрамд сонирхуулахад, Наран гүрний парламентийн сонгууль энэ оны сүүлчээр болох тул олимп зохиох одоогийн засгийн газар руу сөрөг хүчний дайралт ихэссээр буй нь ойлгомжтой.
Олимпийн наадмыг дэмжих олон нийтийн дэмжлэг ч суларч байна. Тухайлбал сүүлийн санал асуулгаар оролцогчдын 80 гаруй хувь нь олимпийн наадмыг цуцлах эсвэл дахин хойшлуулах хэрэгтэй гэж үзжээ.
Токио 2020 олимпийн товыг “дахин хойшлуулна гэдэг боломжгүй”. Япон улс хилийн чанадаас олимпийн наадам үзэгчдийг хүлээн авах эсэх талаар “Бид хоёр, гуравдугаар сард багтаан маш хүнд шийдвэр гаргана” гэсэн байна.
Токио 2020 ЗБХ ерөнхийлөгч Ё.Мори
Гэхдээ дэлхийн бүх орны тамирчид олимп болдгоороо болно, олимпийн медаль авдгаараа авна гэсэн өөдрөг сэтгэлээр бүгд бэлтгэлээ хийж байна.
Олимпийн тэнгэр ивээх болтугай!
Эх сурвалж: Ж.Отгонцагаан