Хөнгөн атлетик: Таван хором эзэмшсэн дээд амжилт

3945

Бүх спортын хаан Хөнгөн атлетикийн спорт үүсээд олон жил болж байгаа ч ДАШТ нь бүүр хожуу “мэндэлж” байж. Орчин үеийн олимпын наадмын төрөлд 1896 оноос хойш тасралтгүй багтаж байсан ч анхны ДАШТ одоогоос ердөө 38 жилийн өмнө болж байсан гэдэгт та итгэх үү?

Анхны ДАШТ 1983 онд Финландын Хельсинк хотод, удаах нь 1987 онд Италийн Ром хотод, 3 дахь нь 1991 онд Японы Токио хотод болж байлаа. Түүнээс хойш 2 жил тутамд тасралтгүй зохиогдсоор 17 удаа хөнгөний “од”-ууд хуран чуулжээ.

2020 онд цар тахлын улмаас хойшилсон олимпын наадмыг өнөө жил хойшлуулахгүй, товлосон цагтаа зохион байгуулна хэмээн ОУОХ-оос саяхан мэдэгдлээ. Анх удаа үзэгчгүй зохиогдож магадгүй болсон хүн төрөлхтний цэнгэлийн манлай наадмыг зохион байгуулагч “Наран” улсын цэнгэлдэхэд одоогоос 30 жилийн тэртээ спорт сонирхогчдын мэлмийг баясгаж, сонорыг мялаасан шуугиант үйл явдал болж байсныг архив, баримт сэлтээс уншсанаа сийрүүлье.

Монгол оронд Ардчиллын салхи сэвэлзэж, өөрчлөн байгуулалт хийгдээд удаагүй байсан үед буюу 1991.08.23-09.01 хооронд болсон Хөнгөн атлетикийн III ДАШТ-д манай гаригийн 162 орны 1491 тамирчин оролцжээ. Шуугиан тарьсан төрөл нь эрэгтэй уртын харайлт.

Энэ төрөлд 17 удаагийн ДАШТ-ийн түүхэнд хамгийн олон удаа “ноёрхсон” орон бол АНУ.

Бяцхан статистикаас сонирхуулъя:

1. АНУ – 8 алт, 5 мөнгө, 5 хүрэл
2. Куба – 4 алт
3. ӨАБНУ- 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэнээр эхний 3-т манлайлдаг юм байна.

Уртад хамгийн олон удаа түрүүлсэн тамирчдын хувьд:

1. Дуайт Филипс /АНУ/ – 5 алт (2003, 2005, 2007, 2009, 2011)
2. Иван Педросо /Куба/ – 4 алт (1995, 1997, 1999, 2001)
3. Карл Льюис /АНУ/ – 2 алт, 1 мөнгө (1983, 1987)
4. Майк Павел /АНУ/ – 2 алт, 1 хүрэл (1991, 1993 ) медалиар эхний байруудад бичигддэг.

За олныг эс нуршаад, гарчиг тавьсан бичиглэлдээ оръё. 1991 оны ДАШТ. Эрэгтэй уртын харайлт. Шигшээ харайлтанд Майк Павел /АНУ/, Карл Льюис /АНУ/, Лэрри Марикс /АНУ/, Детмар Хаф /Герман/, Богдан Тудор /Румын/, Дэвид Кулбэрт /Австрали/, Гиованни Эвангелисти /Итали/, Владимир Очкан /ЗХУ/, Хайме Хэферсон /Куба/, Эндрю Мюллер /Герман/, Чэн Зун Рун /БНХАУ/, Констандинос Коукодимос /Грек/ нарын тамирчид шалгарч тэмцээн эхэллээ.

Уртын харайлт 100 жилийн түүхэнд: https://www.thetimes.co.uk/

Өрсөлдөөн мэдээж Америкийн тамирчид дунд өрнөнө. Эхний харайлтаар Льюис 8.68м харайж тэмцээнийг тэргүүлж эхэллээ. 2 дахь оролдлого Льюис-ийн хөл таарсангүй, харин Павел 8.54м харайж араас нь нэхэж байв. 3 дахь оролдлогоор Льюис 8.83м, Павел 8.29м харайж медалд өөрчлөлт орсонгүй. 4 дэх оролдлогоор дэлхийн шинэ рекорд тогтоогдлоо. Тэр бол мэдээж аугаа Льюис байсан юм. Онооны самбар дээр 8.91м гэсэн бичиг зурайж, цэнгэлдэх дүүрэн үзэгчид уухайлан хашгирч, баяр хүргэж байлаа. 5 дахь оролдлого юу болсон гэж бодноо….. ард нь нэхэж явсан Павелын буулт 9м гарах шахлаа. Шүүгчид хэмжлээ 8.95м. Льюисийн рекорд ердөө 5 мин дараа эвдэгдэх нь тэр. Эцсийн харайлт буюу 6 дахь оролдлогыг үзэгчид амьсгаа даран чагнаж байлаа. Павелын харайлт цөмөрсөн тул тооцогдсонгүй, удаад нь Льюисийн харайлт тооцогдож хэмжихэд 8.84м байлаа. Ийнхүү их гүрний 2 харайгчийн дундах халз тулаан шинэ шинэ рекордоор өндөрлөж, харайлтанд “ханхар” гэдгээ нотолжээ.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН

1. Майк Павел /АНУ/ – 8.95м /ДЭЛХИЙН РЕКОРД/
2. Карл Льюис /АНУ/ – 8.91м
3. Лэрри Марикс /АНУ/ – 8.42м
4. Детмар Хаф /Герман/ – 8.22м
5. Богдан Тудор /Румын/ – 8.06м

АНУ-ын тамирчин Боб Бемоны 1968 оны Мехикогийн олимпын наадамд 8.90м харайсан олимп, дэлхийн рекорд амжилтыг 23 жилийн дараа ийнхүү нутаг нэгт тамирчид 2 удаа ахиулж чадлаа. 2016 оны байдлаар олимпын рекорд 8.90м амжилт нь эвдэгдсэнгүй 40 шахам жил болжээ.

Хэзээ, хэн шинэчлэхийг хүлээсээр… он жилүүд урссаар… Токиод олимп болох жилийн гараан дээр, 3 арваны тэртээ болж байсан хойшид ч дахин давтагдаагүй ширүүн өрсөлдөөнийг түүхийн шарласан хуудаснаас шүүрдэн өгүүлэхэд ийм байна.

Бэлтгэсэн: Ц.Мягмарцэрэн