М.Нандин-Эрдэнийн дараагийн тулааны тов тодорчээ

1675

БНСУ-ын “Road FC” холимог тулааны холбоонд бүртгэлтэй монгол тулаанчид болох М.Нандин-Эрдэнэ, Н.Чингүнжав нар энэ сарын 27-нд тулалдах тов гарчээ.

Өмнөд Солонгосын “Road FC” тулааны холбоонд бүртгэлтэй М.Нандин-Эрдэнэ ээлжит тулаанаа энэ сарын 27-нд БНСУ-ын тулаанч Пак Се Ёнтой хийхээр болжээ.

Манай тамирчин М.Нандин-Эрдэнэ холимог тулаанд 19 удаа тулалдахаар гарч, үүнээс 13-т нь ялалт байгуулсан. Тэрбээр “Road FC” холбоондоо 12 ялж, 4 хожигдсон үзүүлэлттэй. Үүнээс сүүлийн дөрвөн тулаанд дараалан ялсан билээ.

Харин түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Ушугийн дэлхийн аварга, 28 настай Пак Се Ён. Тэрбээр өнгөрсөн онд “Road FC” холбоонд анхны тулаанаа хийж, шүүгчдийн саналаар ялалт байгуулсан нэгэн юм.

М.Нандин-Эрдэнэ “Road FC” холбоонд 16 тулалдаж 12-т нь ялсан

Мөн энэ өдөр Монголын өөр нэг тулаанч болох Н.Чингүнжав 70 кг жинд БНСУ-ын тулаанч Ян Жи Хотой тулалдах юм.

Н.Чингүнжав нь таеквондогийн улсын зургаан удаагийн аварга, мэргэжлийн кикбоксын төрлөөр 10 ялалт байгуулж, нэг хожигдсон, Японы шүүт боксын төрлөөр аваргалж байсан тулаанч. Тэрбээр өнгөрсөн жил “Road FC”-д анхны тулаанаа хийгээд харамсалтайгаар ялагдаж байв.

Түүний өрсөлдөгч Ян Жи Хо холимог тулаанд хоёр удаа тулалдсан, 23 настай, MBC-гээс зохион байгуулдаг “Айдасгүй залуус” нэртэй хөтөлбөрт оролцож байсан нэгэн аж.