UFC: Хабиб Нурмагомедов албан ёсоор зодог тайллаа

1535

UFC-гийн нэрт тулаанч Хабиб Нурмагомедов өнгөрсөн оны аравдугаар сард Жастин Гэйжиг ялснаасаа хойш зодог тайлахаа мэдэгдсэн билээ. Сүүлийн үеэс түүнийг тулааны спортод эргэн ирнэ гэх цуурхал гарсан ч холимог тулааны холбоог үндэслэгч Дана Уайт албан ёсоор их спортоо орхиж байгааг нь баталгаажуулав.

Цар тахлын улмаас аавыгаа алдсан Хабиб Нурмагомедов сүүлийн тулааныхаа дараа их спортоо орхихоо мэдэгдсэн нь холимог тулаан сонирхогчдод гэнэтийн бэлэг байлаа. Тэгвэл орос тулаанчийг эргэн ирэх нь хэмээн хэвлэлээр шуугисан. UFC холбооны нөлөө бүхий эрхэмүүдтэй оройн хоол зооглож, хамт цагийг өнгөрөөсөн нь түүнийг их спортод эргэн ирэх нь хэмээх дуулианыг улам өдөөсөн юм.

Өдгөө 32 настай Хабиб харин гаргасан шийдвэртээ үнэнч байгаа аж. Энэ талаар UFC холбооны тэргүүн Дана Уайт албан ёсоор мэдэгдэл гаргасан бол түүний дараа Хабиб аварга өөрийн цахим хуудсаар дамжуулан холбооны удирдлагууд болон өөрийг нь дэмжиж ирсэн хүмүүст талархаж байгаагаа илэрхийлжээ.

Хабиб Нурмагомедовтой оройн хоол идсэнийхээ дараа UFC холбооны тэргүүн Дана Уайт албан ёсоор зодог тайлсныг нь баталгаажуулав.

Хабиб холимог тулаанд 29, UFC-д 13 дараалан ялсан нэгэн. Их спортоо орхисноосоо хойш бизнесийн салбарт хүч үзэх болсон дагестан эр ОХУ-д байрладаг GFC тулааны холбоог нэг сая ам.доллароор худалдан авч, нэрийг нь EFC (Eagle Fighting Championship) болгон өөрчилсөн билээ.

Х.Нурмагомедов муслим шашинт анхны UFC холбооны аварга төдийгүй инстаграм хуудсанд хамгийн олон дагагчтай орос хүн юм. Түүний хуудсыг 27 сая хүн дагадаг аж.