Л.Одгэрэл: Шүүгч хүн алдах эрхгүй. Буруу шүүвэл Одгэрэлийн биш Монголын нэр л гарна

2024

Японы нийслэл Токио хотноо зохион байгуулагдах зуны спортын XXXII наадамд одоогийн байдлаар Монголоос гурван шүүгч ажиллах эрхээ аваад байна. Гурвуулаа эмэгтэй. Тэд бол яалт ч үгүй өнөө цагийн шилдэг шүүгчдийн тоонд зүй ёсоор багтах бөгөөд олон улсын шүүгчид дундаа нэр хүндтэй.

Тэдний нэг болох Сүхбаатар аймгийн харьяат Монголын хүндийг өргөлтийн холбооны анхны эмэгтэй шүүгч, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Л.Одгэрэлтэй ярилцлаа. Жүдогоос хүндийг өргөлтийн спорт руу “урвасан” түүний тамирчны карьер тийм ч удаан үргэлжлээгүй аж. Хүндийг өргөлтөөр Монголын эмэгтэй тамирчдаас Ази тивийн анхны медалийг авчирч байсан тэрбээр өнөөдөр олимп шүүх эрхээ аваад байна. Ингээд түүний ярилцлагыг хүргэе. 

-Юун түрүүнд баяр хүргэе. Монголоос жүдо, байт харваа, хүндийг өргөлтийн гурван эмэгтэй шүүгч олимпын наадамд ажиллах нь. Үнэхээр бахархалтай санагдаж байна. Та сэтгэгдлээ хуваалцана уу?

-Баярлалаа. Одоогийн байдлаар Монголоос гурван шүүгч олимпод ажиллахаар боллоо. Тэр нь гурвуулаа эмэгтэй байгаад баярлаж, бахархаж байна. Олимп болтол дөрвөн сар гаруйн хугацаа бий. Тэгэхээр цаашид нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Жүдогийн Т.Энхцэцэг, Байт харвааны Э.Саруул нартаа энэ дашрамд баяр хүргэе. Токиод Монголын баг өргөн бүрэлдэхүүнтэй оролцох нь ээ. Олимп шүүх эрхээ өнгөрсөн жил авсан байсан. Тодруулбал, 2020 оны хоёрдугаар сарын 22-нд олимп шүүх эрхтэй болсноо мэдсэн. Тухайн үед баярлахын сацуу сэтгэл тайвширч, санаа амарсан шүү. Яагаад гэвэл, найз нөхөд, гэр бүл, манай холбооныхон, миний дэмжигчид гэх мэт олон хүн чадахаараа намайг дэмжиж байлаа. Энэ хүмүүсийг итгэлийг алдахгүйн тулд олимп шүүх эрх авах нь миний гол зорилго байсан юм. Гэтэл олимпод шүүгчээр ажиллах урилга ирэхэд баярлахаас илүүтэй миний сэтгэл тайвширсан. Учир нь, намайг дэмжсэн олон хүний урмыг хугалсангүй. Дэмий дэмжээгүй шүү гэдгийг харуулах боллоо. Тэгж байтал олимп хойшилсон. Яг өнөөдрийн хувьд баярлаж хөөрөхөөс илүүтэй, очоод сайн ажиллана гэж бодож байна. 

-Олимпын хүндийг өргөлтийн төрлийг шүүх хоёр дахь монгол шүүгч та болж байна, тийм үү?

-Тийм ээ, надаас өмнө олон улсын шүүгч Б.Гансүх багш маань 2016 оны Риогийн олимпод шүүгчээр ажиллах эрх авч байсан шүү дээ. Харамсалтай нь, хүнд өвчний улмаас багш минь олимпоо шүүж чадалгүй бурхан болсон. Хүндийг өргөлтийн эмэгтэй шүүгчдийн хувьд би анхдагч. 

-Шүүгчид хэрхэн эрхээ авдаг юм бол. Тамирчид бол оноо цуглуулах, шууд эрх авах гэсэн зарчмаар явдаг шүү дээ. Бусад спортын төрлийн шүүгчдээс хүндийг өргөлтийнх юугаараа  ялгаатай вэ?

-Спорт холбоод болгоны ажиллах зарчим өөр. Хүндийг өргөлт бол 1896 онд анх олимп болоход л байсан төрөл шүү дээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл хасагдаагүй яваа. ДАШТ, спортын наадмуудад ажилласан туршлага, хэр сайн ажилласныг хардаг. Миний хувьд Азийн наадам, танхимын спортын наадам, залуучуудын олимп болон нэлээд хэдэн ДАШТ-д шүүгчээр ажиллалаа . Олон улсын хүндийг өргөлтийн холбоонд 198 орон бүртгэлтэй. Тэднээс ажлын үнэлгээ зэргээрээ ялгарч 35 шүүгч олимпод тэмцээн дэнслэх эрхтэй болж байгаа юм. Ер нь тивийн аварга, наадам, олимп, ДАШТ-д 35 шүүгч ажилладаг. Нэг зүйлийг сонирхуулаад хэлэхэд, нэг тэмцээнд 15 шүүгч зэрэг гардаг байгаа. Спорт сонирхогчдын нүдэнд дэвжээний гурван шүүгч л харагдаад байдаг. Хүмүүст сонирхолтой байж магадгүй, задалж хэлье л дээ. Дэвжээнд гурав, нөөц нэг, жүри (ерөнхий шүүгч) шүүгч тав, техникийн шүүгч хоёр, цагчин шүүгч нэг, жингийн шүүгч, тэмцээний нарийн бичиг шүүгч гэх мэт 15 шүүгч ажиллана. Жүри шүүгч нь тэмцээний бүх үйл явцыг хянана, асуудал гарвал нарийн шалгасны үндсэн дээр дэвжээний шүүгчийн шийдвэрийг өөрчлөх эрхтэй. Хүндийг өргөлт өөрөө тооцооны спорт учраас шүүгчид алдаа гаргах эрхгүй. Манай төрөл чинь шүүгчээ биш тамирчдадаа гол фокус өгч харуулдаг учраас хэдэн шүүгч байгааг мэддэггүй. Энэ бүхнийг яагаад дэлгэрэнгүй ярив гэхээр олимпод шүүгчээр ажиллахын тулд бүгдэд нь ажилласан туршлага хэрэгтэй. Тамирчны дөрвөн жилийн хөлс, хөдөлмөрийн үр дүн шүүгчээс шууд хамаарах учраас бусдаасаа арай тодорч, ажлын үнэлгээ өндөр гарсан 35 шүүгчийг олимпод ажиллуулдаг. Бусад спортод шүүгчээ эрэмбэлдэг бол манайд тийм биш. Та 35 шүүгчийн тоонд багтсан л бол шилдэг гэсэн үг. Ийм зарчмыг олон улсын хүндийг өргөлтийн холбоо баримталдаг. Бас нэг зүйл хэлэхэд олон улсын холбоо маань олимп, ДАШТ-д ажиллах шүүгчдээ хэзээ ч олон нийтэд зарлаж байгаагүй. Яг тэмцээн болох үеэр л тамирчид, дасгалжуулагчид ирээд мэддэг. Шүүгчийг эрт зарлаж лоббид оруулахгүй гэсэн анхны уламжлалаа өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж байна. 

-Лобби гээд ярилаа, та. Ер нь хүндийг өргөлтийн спорт хэр шударга шүүлттэй вэ. 

Шүүгчдийн, том гүрний нөлөө гэж байх уу?

-Хүндийг өргөлт бол нарийн үзүүлэлт харж шүүдэг спорт. Яг үүн дээр шүүгчийн ур чадвар харагдана. Ер нь буруу шүүлт, луйвар харагддаггүй. Санамсаргүй ч юмуу, ямар нэгэн байдлаар шүүгч буруу шүүвэл дараа дараачийн тэмцээнд сонгогдохгүй. Тухайн шүүгчийн карьер дуусч байх магадлалтай. Тийм учраас ирээдүйгээ бодож л байгаа бол худлаа шүүнэ гэсэн ойлголт байхгүй. Харьцангуй шударга спорт. 

-Спортын төрлүүдийг харахаар шүүгчдийн насжилт эрс залуужиж байх шиг. Танай хүндийг өргөлт ямар вэ?

-Олон улсдаа би болон миний үеийнхэн залуудаа орно. Монгол хүний насжилтаар бол бид дундаж насныхан. Тэмцээн дээр 60, 70 настай шүүгч хүртэл бий. Тэдний сэтгэлгээ, биеэ авч яваа байдал зэрэг нь үнэхээр залуулаг. Олон улсад дундаж насныхан гэхээр 50, 60-тай. Харин миний үеийнхэн залуу шүүгчийн тоонд багтдаг. 

-Спортын төрлүүдийг харахаар шүүгчтэй орны давуу тал гэсэн зүйл байгаад байна. Жишээ нь, бокс дээр шүүгчгүй ирсэн орны тамирчид амжилт үзүүлэх магадлал бага ч гэдэг юмуу. Тэгвэл энэ тал дээр хүндийг өргөлт яаж ханддаг юм бол?

-Шүүгч өөрийн орны тамирчинд илүү давуу тал олгож буруу шүүх, шүүлтэд илт нөлөөлөх гэсэн утгатай биш байх. Харин тамирчдадаа сэтгэл зүйн давуу талыг бий болгодог юм болов уу. Би тамирчнаасаа сонсож байсан. “Захиалсан жингээ өргөх гээд зогсож байхад өөрийн орны шүүгч өмнөөс хараад суухаар Монголдоо тэмцээнд оролцож байгаа мэт сэтгэгдэл төрөөд тайвширдаг” гэж ярьж байлаа. Тэгэхээр тамирчин сэтгэл зүйн давуу талтай болж байна шүү дээ. Сандрал нь алга болохоос эхлээд. Түүнээс биш тэмцээн болж байгаа зааланд олон нүд харж байхад улайм цайм буруу, өөрийн тамирчнаа илт дэмжсэн шүүлт хийхгүй шүү дээ. Ер нь шүүгч зарчмын хувьд хэт нэг талыг барьсан шүүлт гаргаж болохгүй. Нөгөө талаар бид тэмцээнээс өмнө очиж байгаа учраас мэдээлэл илүү ойр байдаг. Тиймээс тамирчдаа шаардлагатай мэдээллээр хангаж, туслах боломжтой болж байна гэсэн үг. 2017 оны насанд хүрэгчдийн Азийн аваргын мэдүүлгийг хартал манай М.Анхцэцэгийн нэр байдаггүй. Гэтэл процессын алдаа гарснаас болж манай тамирчны нэр мэдүүлэгт багтаагүй байсан. Хэрвээ үүнийг урьдчилж мэдээгүй бол М.Анхцэцэг тэмцээнд оролцож чадахгүй байлаа. Иймэрхүү асуудалд л шүүгчтэй орны давуу тал харагдах болов уу. Харин давуу тал гэхээр буруу шүүх, хэт нэг талыг барих гэсэн ойлголт биш юм. Би буруу шүүвэл Одгэрэлийн биш Монголын нэр л гарна. 

-Коронавирусийн цар тахлаас болж бүхий л тэмцээн уралдаан зогсож, хойшиллоо шүү дээ. Бараг жил гаруйн хугацаанд тэмцээн болсонгүй. Энэ үеийг хэрхэн өнгөрөөж байна вэ?

-Яг коронагийн үе таарч, манай гэр бүл шинэ хүнээ өлгийдөж авсан. Ер нь бол жил гаруйн хугацааг гэртээ хүүхдээ харж өнгөрөөлөө. Хамгийн сүүлд 2019 оны арваннэгдүгээр сард Хятадад дэлхийн цомд шүүгчээр оролцоод ирсэн. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл гэртээ байлаа. 

-Олон улсын шүүгч хүний нэн тэргүүнд тавьдаг зарчим юу вэ. Мэдээж олон орны тамирчидтай харьцах учраас гадаад хэлний мэдлэг хэрэгтэй байх?

-Тухайн спортын дүрэм журмаа маш сайн мэддэг байх, мэргэжлийн хэлээ бүрэн мэдэх, шударга байх хэрэгтэй. Хариуцлагатай байх ёстой. Тамирчдынхаа арга эвийг олдог сайн сэтгэлзүйч байхыг шаарддаг. Нэг жишээ хэлэхэд, 2016 оны олимпоор аварга болж байсан тамирчин 2018 оны ДАШТ-ээс хүрэл медаль авсандаа уйлж, дэвжээнд гарахгүй гэж байв. Гэтэл би очиж сэтгэл зүйг нь засч байгаа юм. “Чи бол домог. Чамайг энэ танхимд хүмүүс харахыг хүсч байна” гэж хэлэнгүүт нөгөө тамирчны сэтгэл нь сэргээд медалийн тавцанд гарч медалиа зүүсэн. Хүмүүс ч түүнд маш их баяр хүргэж, хүндэтгэл үзүүлж байлаа. Олимпын аварга хүн хөл нь бэртсэн, доголоод гараад ирж байхад танхимд байгаа хүмүүсийн сэтгэл нь бүр ихээр хөдөлж, хайрлаж байна шүү дээ. Бэртсэн ч гэсэн тэр тамирчин медалиа аваад ирлээ. Алт, мөнгө авсан тамирчид нь түүний тохойноос өргөөд медалийн тавцанд гаргаж байна. Энэ бол спортын гайхамшиг юм. Эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр шүүгч хүн сайн сэтгэлзүйч, бас хүнтэй сайн харилцаж чаддаг байх ёстой. 

-Таны тамирчны карьер богинохон байсан гэж сонссон. Яг хэдэн жил тамирчны замналаар явсан бэ?

-Цөөхөн шүү дээ. Анх 2000 онд аавтайгаа хотод ирээд С.Буядаа багшид шавь орж, жүдогийн тамирчин болж байлаа. Ингээд нэг жил хичээллээд жүдогийн залуучуудын улсын аваргаас алт, самбоос хүрэл медаль авсан. Гэтэл спортын мастер С.Хөхөө багш маань “Одгэрэлээ, миний охин хүндийг өргөлтөөр хичээллэвэл яасан юм бэ. Чамд их ирээдүй байна. Голын бяртай  эмэгтэй байна. Хүндийг өргөлт эмэгтэйчүүдийн дунд маш их хөгжиж байгаа. Чи амжилт гаргах боломжтой” гэж хэлсэн. Ингээд 2002 онд хүндийг өргөлтийг сонголоо. С.Буядаа багш минь “Жүдо бол чиний ирээдүй. Жүдогоор чи олимпын аварга болно. Чи хүндийг өргөлтөөр амжилт гаргахгүй” гээд л янз бүрээр гуйсан. Харин би нэгэнт энэ спортод татагдсан байлаа. Ингээд багшдаа учирлаж хэлээд жүдог орхисон юм. Хичээллээд дөнгөж нэг жил болж байхад насанд хүрэгчдийн Азийн аваргад оролцох боломж олдлоо. 2003 онд шүү дээ. Гэтэл өнөөх тэмцээнээсээ мөнгөн медаль авлаа. Энэ нь манай эмэгтэй туйванчдын хамгийн анхны медаль болж таарсан. Удалгүй Хятадад хүндийг өргөлтийн дасгалжуулагчийн мэргэжлээр сурахаар яваад миний тамирчны карьер дуусч байгаа юм. Төгсч ирээд төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуульдаа багшилсан. Улмаар 2012 онд Улаанбаатар Азийн цомын тэмцээн болох үеэр Б.Гансүх багш маань намайг “Чи олон улсын шүүгч бол. Чи чадна, чамд тохирно. Эмэгтэй шүүгч эрэлттэй байгаа” гэж хэлсний дагуу шүүгч болсон доо. 2013 онд II зэрэг, 2015 онд I зэргийн шүүгч болсноор тив, дэлхийн аварга, наадам шүүх эрхээ авлаа. Одоо бол Б.Гансүх багшийн минь хүсэл биелж би олимпод шүүгчээр ажиллахаар болоод сууж байна. 

-Олонд хайрлагдсан, хүндлэл хүлээсэн шүүгч олон байна. Ер нь тамирчид шүүгчидтэй, тантай хэр хүндэтгэлтэй ханддаг вэ?

-Шүүгчгүй тэмцээн гэж хаана ч байхгүй. Тэр утгаараа шүүгч өөрөө бүх талаараа өв тэгш байх ёстой. Тэгж байж тамирчны хүндлэлийг хүлээнэ шүү дээ. Шүүгчийн хажууд тамирчид зүй бус авир гаргадаггүй. Шүүгчдэд аль болох хүндэтгэлтэй ханддаг. Хүндлэл гэдэг мэндлэхээс эхэлнэ. Тэр дундаа сайн шүүгч нар тамирчидтайгаа нягтарч чаддаг. Тамирчид тухайн тэмцээний маскотоо шүүгчид бэлэглэж хүндэтгэж байгаагаа илэрхийлнэ. 

-Хүндийг өргөлтийн яг юу нь таныг татав?

-Надад илүү тохирох юм шиг санагдсан. Өөртэйгээ харьцдаг чанар нь надад таалагдсан байх. Ер нь спорт бүрийн онцлог өөр шүү дээ. Жүдо гоё спорт ч хүндийг өргөлт өөрийгөө бясалгах, өөртэйгээ ажиллахад илүү дөхөм байсан нь таалагдсан юм. 

-Та тамирчин байхдаа өөрийнхөө сэтгэл зүйг яаж бэлддэг байсан бэ?

-Штангаа хэрхэн өргөх техникээ л боддог байсан. Яагаад гэвэл хүн бодсоноо хийдэг. Бодол нь амаараа, үйлдлээрээ илэрдэг. Тиймээс би тэмцээнд орохдоо техникээ илүү бодно. Түүнээс биш тухайн штангийн хүнд, хөнгөнийг огт боддоггүй байлаа. 

-Монголд хүндийг өргөлтийн спорт ямар түвшинд хөгжиж байна вэ. Нэгэн цаг үед Н.Баярмаа гавьяат нь туйванчдын нүүр царай байлаа шүү дээ. Хөгжлийг та хэрхэн харж байна вэ?

-Цаг хугацаагаар л хэмжигдэнэ. Цагийн аясаар хөгжиж байгаа. Хөгжөөд явж байгаа, хөгжлийнхөө замаар явж байна. Анхаа маань ДАШТ-д огцом өргөлтөөр хоёр удаа хүрэл медаль авлаа. Энэ бол хөгжлийг харуулж байгаа юм. Хэр баргийн аавын хүү, ээжийн охин дэлхийн медаль авдаггүй. Тэгэхээр хөгжиж байна л гэж хардаг. Н.Баярмаа эгчийн хувьд хүнд хэцүү цаг үед энэ спортыг чирч явсан хүний нэг шүү дээ. Тэгээд С.Хөхөө, Б.Гансүх гээд л хөвөрнө. Нүдэнд ил байгаа нь тамирчид болохоос биш ард нь маш олон хүний зүтгэл, бодлого байдаг. Тэр хүмүүсийн хүч хөдөлмөр тамирчдаар илэрч байгаа юм. Хүнд хэцүү үед Н.Баярмаа тэргүүтэй зүтгэлтнүүд хүндийг өргөлтийн спортыг М.Анхцэцэг тэргүүтэнд авчирч өгсөн гавьятан юм. Ер нь манай улс спортын салбартаа манлайлагч эмэгтэй ихтэй шүү. МҮОХ-ны П.Тунгалаг эгч байна, паралимпийн холбооны Б.Оюунбат эгч байна. Бүгд олон улсдаа сонгуульт албан тушаалтай. Түүнийхээ дагуу олон ажил хийсэн байгаа юм. Бардамнаад хэлэхэд эмэгтэй хүн олимп шүүхэд гайхаад байх зүйлгүй. Байх л ёстой. Монгол эмэгтэйчүүд үүнийг хийж чадна. Бүсгүйчүүд спортын бодлогыг тодорхойлж байна шүү дээ. Монголын гурван эмэгтэй шүүгч нэг олимпод ажиллана гэдэг манлайлал үргэлжилж байгаагийн нэг хэлбэр. Магадгүй 2024 онд илүү олон болно гэдэгт итгэдэг. Эрэгтэй шүүгчид ч чадвартай. Шүүгчийн биеэ авч яваа байдал, харилцааны соёл, хувцаслах соёл гээд бүх зүйлээр нь Монголыг гаднынхан дүгнэдэг учраас бид үс сэгсгэр, зангиа далий явж болохгүй. Монголчууд аль ч салбарт тэргүүлж боломжтой гэж хардаг. 

-Спорттой холбогдсон шүүгч, тамирчин, дасгалжуулагчийн амжилтын ард гэр бүл нь зайлшгүй дурдагдах ёстой. Хэрвээ гэр бүлийн дэмжлэггүй бол магадгүй та өнөөдөр олимп шүүх эрхээ аваад зогсож байхгүй ч юм билүү. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Тэгэлгүй яах вэ. Ялангуяа эмэгтэй хүн шүүгч байхын тулд гэр бүлийн дэмжлэг маш их байх хэрэгтэй. Миний ханиас гадна хоёр сайхан ээж  минь ар талыг найдвартай, бүрэн даагаад үлдэж байгаа юм. Тэд маань байхад юунд ч санаа зовохгүй ажлаа тайван хийгээд ирдэг. Гэр бүл нь дургүйцвэл ямар эмэгтэй ар талаа орхиод яваад байх вэ дээ. Манайх тэр чигээрээ спортын гэр бүл. Миний аав Г.Лхагвасүрэн шагайн харваагаар хичээллэдэг, Монгол Улсын харьшгүй мэргэн цолтой. Аав, ээж минь хоёулаа волейбол тоглодог, спортын мастер цолтой. Ээж минь волейболын тамирчин Хандсүрэн гэж хүн бий. Ах минь аймгийн начин Ганбаатар гэж сайхан хүн бий. Эмэгтэй дүү Одсайхан үндэсний сур харваагаар хичээллэдэг, улсын мэргэн, спортын мастер цолтой. Өнгөрсөн жилийн наадмаар түрүүлсэн юм. Нэг дүү минь сагсан бөмбөгийн спортын мастер, шагайн харвааны аймгийн мэргэн. Нөхөр минь бас спортын хүн. Олон улсын таэквондогийн хар бүстэй, зургадугаар дан, Монголын тулааны спортын долдугаар дантай. Том охин минь сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр хичээллэж байна. Дундах нь аавыгаа дагаад таеквондогоор хичээллэдэг. Манай гэр бүлийн эрүүл чийрэг байхаас гадна монгол ёс уламжлалыг хүүхдүүддээ сургахыг хичээж байна. Монгол ёс заншилд хүүхдээ ойрхон байлгахын тулд зун болгон хөдөө малтай айлд очиж амардаг уламжлалтай. 

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Олимпын шүүгчээр ажиллах ажилд нь амжилт хүсье. 

-Хаана ч очсон бид түүхээ мэддэг байх хэрэгтэй. Хүн бидний түүхийг мэдээд байхад бид хариулттай байх ёстой шүү дээ. Тэр утгаараа очиж байгаа орныхоо түүхийг судалдаг. Энэ бол миний зарчим. Нөхөр маань ч үүнд их тусалдаг. Үүнийг ярьж байгаа бол санаа нь тамирчид минь хаана ч очсон эх орныхоо түүхийг мэддэг байгаарай. Хэн нэгэн бидний түүхийг ярьхад өмнөөс нь хэлэх үггүй ангайгаад зогсож таарахгүй. Хүн түүхээ мэдээд ирэхээр хаана, яаж биеэ авч явахаа мэддэг болно. Эцэст нь, Токиогийн тэнгэрт Монголын далбаа олон удаа мандаж, төрийн дуулал олонтаа эгшиглэх болтугай. 

Эх сурвалж: Б.Мөнхзул (Монголын үнэн сонин)