М.Бөхбат даргаар удирдуулсан МЖА-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал Монголын Үндэсний Олимпын Хорооны байранд явагдаж чухал шийдвэрүүдийг гаргалаа. Хурлаар тус байгууллагын үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг танилцуулж, цаашид хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, тулгамдаад байгаа асуудлуудыг ярилцсан юм.
Мөн тус хурлаар МЖА-ийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн сонгож, Хяналтын зөвлөлийн гишүүдийг баталж, Гүйцэтгэх захирлыг томилсноос гадна Үүсгэн байгуулагчийг бүртгэл дээр нэмж, тус ТББ-ийн дүрмийг шинэчлэн бүртгүүлэх шийдвэрүүдийг гаргав.
2016 оны 11 сараас хойш МЖА-н ахлах багшаар ажиллаж байгаа Г.Бат-Эрдэнэ Гүйцэтгэх захирлаар томилогдсон бол МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга санаачлагч, үүсгэн байгуулагчаар нэмэгдсэн юм. Удирдах зөвлөлд дараах 9 хүн сонгогдсон болно.
М.Бөхбат, Н.Түвшинбаяр, Б.Ууганбаатар, Д.Ганбат, Д.Өсөхбаяр, Б.Алиманчимэг, Ш.Доржсүрэн, Н.Батжаргал, Ж.Батцэцэг.
“Ковид 19” цар тахлын улмаас МЖА танхимын сургалтаа 2020 оны 11 сарын 11-нээс хойш явуулалгүй онлайн сургалтуудыг үргэлжлүүлж байна. Мөн жүдо бөхийн ёс зүй, дэг жаяг, түүх соёл, үнэт зүйлсийг сошиал медиагаар дамжуулан түгээн танилцуулж, хүүхэд залуусыг жүдо бөхөд уриалан дуудах ажлуудыг хийж байна. Цаашид цар тахлын үеийн онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж, УОК-н шийдвэртэй нийцүүлэн, танхимын сургалтаа эхлүүлэх шат дараатай шийдвэрүүдийг гарган ажиллах болно.
МОНГОЛЫН ЖҮДО АКАДЕМИ – ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ!