Эмэгтэй бөхчүүд анх удаа багийн дүнгээр тэргүүллээ

1633

Казахстаны Алматы хотод бөхийн төрлүүдийн Азийн АШТ болж буй. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд манай тамирчид хошой алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж багаараа 173 оноо авсан амжилтаараа анх удаа тэргүүллээ.

Эмэгтэйчүүдийн 55 кг-д М.Болормаа, 65 кг-д З.Болортунгалаг нар алт, 57 кг-д А.Батцэцэг, 59 кг-д Б.Шоовдор, 62 кг-д Х.Болортуяа, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар мөнгө, 72 кг-д Э.Цэвэгмид хүрэл медаль хүртсэн юм. Уг амжилтаараа манай нядханууд 173 оноо цуглуулж багийн дүнгээр түрүүллээ.

Эмэгтэй багийн дүнгээр анх удаа тэргүүллээ

Эмэгтэйчүүд 1996 оноос хойш тивийн аваргад багийн дүнгээр “уралдах” болсон билээ. Түүнээс хойш 23 удаа багийн дүнгээр аваргаа тодруулахад Япон 15, БНХАУ-ын баг найман удаа түрүүлж байв.

Харин энэ жил цар тахлын улмаас Япон, БНХАУ-ын хүчирхэг баг оролцоогүй. Тэдний эзгүйд монгол бүсгүйчүүд багийн дүнгээр өнгөлж түүхэн амжилт үзүүллээ.

Манай эмэгтэй бөхчүүд 2004, 2018 онд багийн дүнгээр мөнгө, 2001, 2003, 2005, 2011, 2013, 2014 онд хүрэл медаль хүртэж байсан юм.