Өвдгөө хайрлаарай!

1476

Цар тахлын улмаас удаан хугацаанд хөл хорионд байсан иргэд хөдөлгөөний дутагдалд орохгүйн тулд гүйх, дугуй унах, иог, бясалгалаар хичээллэх зэргээр хувиараа дасгал хийх нь идэвхэжсэн. Тэгвэл хүн бүр анхаарууштай нэгэн зөвлөгөөг хүргэе.

Гүйх нь эрүүл мэндэд ач холбогдолтой боловч өвдөгний үенд маш их ачаалал өгдөг. Ингэснээр өвдөгний нүдээр хатгуулах, остеоартрайтис, өвдөгний жийрэг гэмтэх, мөгөөрс урагдах, чагтан холбоос гэмтэх зэрэг эрсдэл үүснэ.

Гүйлтээс бий болох эрсдлүүдээс онцолбол

  1. Гүйхэд хөлийн булчингаас гадна нурууны булчин чухал. Гэмтэл бэртэлгүй олон жил гүйе гэвэл биеийн хүчний дасгалууд ялангуяа хөл нурууны дасгалуудыг тогтмол хийж занших хэрэгтэй.
  2. Сунгалтын дасгалуудыг тогтмол хийхгүйгээр гүйвэл өвдөг дээр ирэх ачааллыг сармагжуулах завсрын “амаржин”-ууд ажиллахгүй. Ялангуяа хөдөлгөөний хомсдолтой, суугаа ажилтай хүмүүс сунгалт хийхгүй бол яваандаа маажиг болно.
  3. Зарим хүн ялангуяа хүүхэд, залуус төлөвлөгөөгүй гүйх, өдөр бүр дараалж гүйх, олон км гүйх, хурдны бэлтгэлийг олон дахин хийх, олон өдөр дараалласан гүйлтийн челленжид оролцож амралтгүй гүйснээс болж өвдөгний бэртэл авах нь түгээмэл ажиглагддаг. Гүйхэд булчин, үе мөч, холбоосууд дээр маш их ачаалал ирж байдаг бөгөөд сайн нойр авч чанартай хоол хүнс идэж, унтаж амарч байх үед булчингийн эд эс файберууд эргэн сэргэж нөхөн төлжиж байдаг. Тиймээс эхлэн гүйгчид ажил амралтаа зохицуулаад өнжөөд нэг буюу долоо хоногт 3-4 удаа гүйж байх нь дээр.
  4. Гүйлтийн буруу техникээс болж гэмтэж бэртэж болно. Өвдгөөрөө хавирч дотогшоо гишгэдэг бол IT band болон ташаа өвддөг. Өсгийгөөрөө түрүүлж газарт гишгэдэг хүний өвдөг мөн ууц нурууны үеүд дээр маш их ачаалал ирдэг. Уул өөд өлмий дээрээ удаан явахаас зайлсхийх, ялангуяа уруу газарт хурдан алхах гүйхдээ анхаараарай. Хавтгай гадаргуу дээр гүйхэд хүний биеийн жингээс 2.5 дахин их цохилт хөлөн дээр алхам тутамд ирдэг. Уруу газар гүйхэд 7 дахин их ачаалал хөл дээр ирдэг. Тиймээс уруу газар алхаж гүйхдээ өвдгөө цоожлохгүй, хагас нугалж ойр ойр гишгэж алхаж гүйх хэрэгтэй.
  5. Зориулалтын бус эсвэл хуучирч элэгдсэн пүүзтэй гүйснээс шалтгаалж бэртэх тохиолдол элбэг. Биеийн жин, гүйлтийн онцлог (хөлийн тавилт, хазгай гишгэдэг эсэх), гүйлтийн замын гадаргуу зэргээс шалтгаалж гүйлтийн пүүз элэгдэж мууддаг. Заалны пүүз, алхалтын пүүзийг 6-12 сар болоод сольж байх ёстой бол ямар ч сайн гүйлтийн пүүзийг 500–800 км гүйгээд эсвэл 4-6 сар болоод сольж байх хэрэгтэй гэсэн судалгаа байдаг. Учир нь улны хэсгийн цохилтыг зөөллөгч материал (midsole foam) нь хатуурч муудаад өөрөөр хэлбэл “амаржин” нь ажиллахаа байдаг ба км нь дууссан ийм пүүзтэй гүйгээд байвал үе мөчин дээр доргилт цохилт их ирдэг тул шилбэний яс янгинах (shin splint), өвдөг нуруу өвдөх эрсдэлтэй. Хэрэв та өдөр бүр гүйдэг бол хоёр пүүз сэлгэж өмсвөл сайн. Учир нь удаан хугацаанд хол гүйхэд шалчийсан зөөллөгч резин нь эргэн хэвэндээ ороход хугацаа хэрэгтэй. Шинэ пүүз өмсөөд гүйхэд намс намс гээд пружин шиг өөдөөс мэдрэгддэг ба тэгэж мэдрэгдэхээ байсан бол бас л солих болсон гэсэн үг.

Тэгвэл гэмтэл бэртлээс хэрхэн сэргийлэх вэ?

  1. Өвдөг өвдсөн л бол амар, битгий гүй, даруйхан 10- 20 минут мөс тавьж, аль болох явалгүй хөлөө дээш сойгоорой. Мөс тавих нь үрэвслийг намдааж хаванг буулгана. Ачааллаас болж өвдсөн бол 2-3 хоног амрахад гайгүй болчихдог. Өвчин намдахгүй удвал эмчид заавал үзүүлэх хэрэгтэй. Тоохгүй гүйгээд байвал сүүлд гэмтэл чинь даамжирч бүр хүндэрч болно.
  2. Хөл болон нурууны булчин хөгжүүлэх чангаруулах дасгалуудыг долоо хоногт 2-3 удаа тогтмол хийж заншвал гэмтлээс сэргийлж чадна.
  3. Иог, пилат мөн сунгалтын дасгалуудыг хийж хэвших.
  4. Ачааллаа тааруулах (эхлэн гүйгчид өнжөөд нэг буюу долоо хоногт 3-4 удаа гүйх, илүүдэл жинтэй хүмүүс алхах/гүйхийг хослуулах, гүйгээгүй өдрөө дугуй унах, ууланд алхах, усанд сэлэх зэрэг бусад кардио дасгалуудыг сэлгэж хийх) Хүний бие бол машин биш. Нухацтай хандаж байхгүй бол залуугийн түр зуурын амжилтдаа улайраад эрүүл мэндээрээ хохирох вий.
  5. Өвдгөө дааруулахгүй байх. Өвдөгний үенд өөхөн давхарга байхгүй болохоор маш амархан даарна. Ялангуяа өвөл гүйдэг хүмүүс өмдөн дотуураа өвдгөвч өмсөх хэрэгтэй. (Хуучин ноолууран цамцны ханцуйг тайраад нугалаад резин гүйлгээд оёчихвол дулаахан бас эвтэйхэн байдаг.) Охид хүүхнүүд өмд давхарлахаар бүдүүн харагдана гэж маяглаад нимгэн гүйгээд байдаг. Бөгсөөрөө даарч болохгүй. Дор хаяж цистит, ер нь тоохгүй гүйгээд байвал хожим нь харамсана шүү. Одоо чамд юу ч мэдэгдэхгүй.
  6. Урагдаагүй л бол бараг шинээрээ гээд нэг пүүзээ удаан өмсөөд байж болохгүй. Хугацаа нь дууссан л бол пүүзээ сольж бай. Хөгширсөн хойноо өвдгөө солиулснаас одоо пүүзээ сольсон нь хямд тусна.
  7. Тогтмол гүйдэг гүйгчид ясны сийрэгжилт болон эрдсийн шинжилгээг 6 сар тутамд өгч дутуу эрдсээ эмчийн зааврын дагуу нөхөж байх. Хүний амаар сайн гэсэн болгоныг бас бус элдэв юм уух дэмий.
  8. Дор хаяж 8 цаг унтаж эрүүл хоол хүнс хэрэглэж сайн амарч байх.
  9. Илүүдэл жинтэй улс жингээ багасга. 90 кг жинтэй хүн: алхахад 45кг, шатаар өгсөхөд-300 кг, шатаар уруудахад 450 кг, гүйхэд 630 кг ачаа өвдөг дээр чинь ирдэг гэсэн тооцоо байна. Тиймээс илүүдэл жинтэй олон жил удаан явах тусам өвдгөө алж байна гэсэн үг.

За тэгээд гүйдэг ч бай, гүйдэггүй ч бай өвдгөө залуугаасаа хайрлаж байхгүй бол өтөл насан хоёр тийшээ савлаж майжганаж явдаг болно шүү. Эсвэл төмөр суулгуулна.

Эх сурвалж: Chogsom Tumurtulga