Ялгаварлан гадуурхалын эсрэг “чимээгүй” хөдөлгөөн өрнөж байна

1559

Хөлбөмбөгийн клубууд, тоглогч, тамирчид олон тооны спортын байгууллагууд өөрсдийн цахим хаяг дээрх хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтай тэмцэх зорилгоор олон нийтийн хэрэгсэлээр дөрвөн өдөр “чимээгүй” эсэргүүцэж эхэллээ.
Энэ эсэргүүцэл нь баасан гарагийн (2021.04.30) 15:00 цагт эхлэсэн бөгөөд даваа гарагийн (2021.05.03) 23:59 минутад дуусна. “Цахим хүчирхийллийн эсрэг эв санааны нэгдлийн шоу” нь хэрэглэгчдийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, хүйсээр гадуурхах үзлийн эсрэг компаниудыг илүү хүчтэй байр суурьтай байхыг уриална хэмээн найдаж байгаа аж.
Английн Премьер лиг ч мөн чимээгүй эсэргүүцлийн өмнө мэдэгдэл гаргаж “цахимаар ялгаварлан гадуурхах үзэл манай нийгмээс гарах хүртэл компаниудыг уриалахаа зогсохгүй. Дан ганц ингэж тэмцэл хийлээ гээд алга болохгүй гэдгийг бид мэдэж буй. Тиймээс өөрчлөлтийг бий болгохийн тулд энэ арга хэмжээгээ үргэлжүүлсээр байх болно” хэмээжээ.
Эсэргүүцэл эхлэхийн өмнөхөн хэд хэдэн тоглогч мэдэгдэл болгож жиргэсэн бол хөлбөмбөгийн багууд логогоо хар өнгөтэй болгон твиттертээ оруулжээ.

Эсэргүүцэлд хэн нэгдэв?

Твиттер, Инстаграм, Фейсбүүкт эсэргүүцлээ зарласан байгууллага, холбоод:
Хөлбөмбөг: Премьер лиг, Английн хөлбөмбөгийн лиг, Эмэгтэйчүүдийн супер лиг, Шотландийн мэргэжлийн хөлбөмбөгийн лиг болон Шотландийн эмэгтэйчүүдийн лиг, Шотландын FA, Уэльсийн хөлбөмбөгийн холбоо, Ирландын хөлбөмбөгийн холбоо зэрэг удирдах байгууллагууд; Европын удирдах байгууллага УЕФА; бусад хэд хэдэн хөлбөмбөгийн байгууллагууд
Крикет: Англи, Уэльсийн крикетийн зөвлөл, мужийн нэгдүгээр зэрэглэлийнхэн, эмэгтэйчүүдийн бүсийн баг, мэргэжлийн крикетчдийн холбоо
Нетбол: Супер лиг, Английн Нетбол, Нетбол тоглогчдын холбоо
Рагби: Английн Рагби, Шотландын Рагби, Уэльсийн Рагби, Францын Рагби, Премьер лигийн Рагби, клубууд болон рагбийн тоглогчдын холбоо.
Байгууллагууд: Премьер лиг ба Эмэгтэйчүүдийн супер лигийн ивээн тэтгэгч Barclays, Английн ивээн тэтгэгч Nationwide, Adidas; Sky Sports, BT Sport, Talksport зэрэг өргөн нэвтрүүлэгийн байгууллагууд
Формула 1: Бүх уралдаанчид

Формула 1-ийн хэд хэдэн уралдаанч энэ эсэргүүцэлд нэгдэж байгаа ч олон нийтийн сүлжээнд бусад тамирчидтай адил хүчирхийллийн асуудалд өртдөггүй тул оролцохгүй байж магадгүй гэнэ.

Тоглогчид юу хэлэв?

“Ватфорд” багийн ахлагч Трой Дини энэ эсэргүүцлийн хөдөлгөөнийг “маш том алхам” болсон гэж BBC Breakfast-д өгсөн ярилцлагадаа хэлэв.
“Олон жилийн турш мэдээллийн хэрэгсэл залуу үеийнхэнд үзүүлж байгаа нөлөө, сэтгэцийн эрүүл мэндийн талаар ярилцдаг байлаа. Хэдийгээр энэ дөрөвхөн өдөр үргэлжлэх юм шиг боловч спортын мэдээ, мэдээлэлгүйгээр амьдрал ямар байж болох тухай хүмүүст бага ч гэсэн ойлголт өгөх байх” гэсэн юм.
Дини өдөр болгон хүчирхийлэлд өртдөг бөгөөд эдгээр нь үргэлж гэр бүлийг нь заналхийлсэн утгатай байдаг талаар ам нээжээ.
“Бичсэн зүйлийг нь уншихад маш хэцүү байдаг, гэхдээ би үүнд нь ямар нэгэн хариу үйлдэл үзүүлж болохгүй. Бид тэднийг бодвол давуу эрхтэй байдаг учраас ямар нэгэн зүйл хийж болохгүй шүү дээ. Хэрэв бид хувь хүнийхээ байр суурийг илэрхийлвэл үүнийхээ төлөө хариуцлага хүлээх шаардлага гардаг” гэсэн юм.

Хөлбөмбөгчин асан Антон Фердинанд BBC Radio 5 сувагт “Хүчирхийллийн эсрэг тэмцэл ийм хэмжээнд хүрсэн нь харамсалтай байна. Хөлбөмбөг үүнээс ч илүү хориг авч, насаар нь хөөх хэрэгтэй. Учир нь энд хүмүүсийн амь нас яригдаж байна. Цахим хүчирхийлэлд өртсөн зарим хүн эргээд хэвийн байдалдаа орж чаддаггүй. Бид үүнийг нухацтай авч үзэх ёстой.” гэжээ.
Фердинанд мөн Их Британийн Засгийн Газрийг үүнээс ч илүүг хийх хэрэгтэй байгааг сануулав.
“Засгийн газар Европын Супер Лиг яригдаж байсан үеийнхтэй адил хэмжээнд энэ асуудлыг авч үзэхгүй байна. Тэд мөнгөтэй холбоотой зүйл дээр л зөв ажиллаж, арга хэмжээ авч байгаа юм шиг надад санагддаг. Одоогийн байдлаар цахим орчин дахь ялгаварлан гадуурхлын тухай асуудалд дорвитой арга хэмжээ аваагүйд сэтгэл дундуур явдаг” гэж ярианыхаа төгсгөлд тодотгосон юм.

“Барнли” багийн ахлагч Бен Ми “Зөвхөн хөлбөмбөг, спорт, өдөр тутмын амьдралд төдийгүй цахим орчны зүй бус хэрэглээг таслан зогсоох олон технологи бидэнд бий. Өсвөр, залуусыг хамгаалах хэрэгтэй. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлүүд олон болж байгаа, тэр хэрээр троллууд дэлгэцийн цаанаас доромжлогчид олширсон. Тийм ч учраас өөрсдийн хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлага үүрдэг байх ёстой” хэмээн BBC Radio 4-ийн “Өнөөдрийн Хөтөлбөр” нэвтрүүлэгт оролцохдоо онцолжээ.

Яагаад энэ хөдөлгөөнийг эхлүүлэх болов?

Хоёр жилийн өмнө хөлбөмбөгчид #Enough кампанит ажил зохион байгуулж олон нийтийн сүлжээг 24 цаг бойкотлосон билээ.

Бүх тоглогчид ямар нэгэн байдлаар арьс өнгөний гадуурхалд өртсөөр байдаг бөгөөд зарим клуб энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хүртэл ханддаг юм.

Мэргэжлийн хөлбөмбөгийн холбооноос хийсэн шалгалтаар 2020 оны 11 сард твиттерт хүчирхийллийн утга бүхий 56 бичлэг байгааг олж илрүүлжээ.

Баасан гарагт “Манчестер Юнайтед”ын хийсэн дүн шинжилгээгээр клубын тоглогчид руу чиглэсэн хүчирхийлэл 350%-иар өссөн болохыг тогтоож 2020 оны 09 сараас 2021 оны 02 сарын хооронд 3300 пост тоглогчдыг онилсон байжээ. Эдгээр нийтлэлийн 86% нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан шинжтэй байсан бол 8% нь хомофобик болон трансфобик байсан байна.

Гурван долоо хоногийн өмнө “Сванси Сити”, “Бирмингем Сити” болон “Рейнжерс” баг нэгдэж нийгмийн сүлжээн дэх хаягаа нэг долоо хоногийн турш хааж энэ хүчирхийллийн эсрэг зогссон байна.

Арсенал, Францийн шигшээгийн довтлогч асан Тьерри Анри ч мөн адил арьс өнгөний ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлээс болж өөрийн цахим хаягуудаа гуравдугаар сард хаасан юм.

Наймдугаар сард BBC Sports Британий элит тамирчин эмэгтэйчүүдийн дунд явуулсан судалгаагаар, судалгаанд оролцогчдийн гуравны нэг нь олон нийтийн сүлжээнд хүчирхийлэлд өртсөн болохыг тогтоожээ.

Их Британий засгийн газар өмнө нь олон нийтийн мэдээллийн (сошиал медиа) компаниудад хэрэв өөрсдийн платформ дээрээ хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авч чадахгүй бол “их хэмжээний мөнгөн торгууль” буюу “тэрбум фунт стерлинг” ноогдуулна хэмээн сүрдүүлж байжээ.

Хувь хүмүүс болон хөлбөмбөгийн багууд энэ зүй бус үйл явдлыг буруушааж байгаа бөгөөд хамтын ажиллагаа л өөрчлөлтийг авчрах хамгийн сайн арга зам хэмээсэн байна.