Ираны жүдо бөхийн холбооны эрхийг дөрвөн жилээр хаслаа

2232

Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) Ираны жүдо бөхийн холбооны эрхийг дөрвөн жилээр хасч буйг зарлав.

Ираны жүдоч Сайед Моллайег 2019 оны ДАШТ-ий үеэр Израилийн жүдоч Саги Мүкитай барилдвал түүнийг төдийгүй гэр бүлийг нь аюулд оруулна гэж Ираны Засгийн газраас сүрдүүлсэн юм. Уг нь тэд шигшээд таарах боломжтой байсан ч С.Моллайе Бельгийн Матьяас Кассед бууж өгсөн билээ.

Энэ тэмцээнээс удалгүй С.Моллайе Герман руу дүрвэж, жилийн дараа Монголын иргэншилтэй болсон юм.

IJF-ээс 2019 оны ДАШТ-ий дараа Ираны жүдо бөхийн холбооны эрхийг тодорхойгүй хугацаагаар хассан боловч өнгөрсөн Ираны тал Спортын арбитрын шүүхэд гомдол гаргаж өнгөрсөн гуравдугаар сард IJF-ийн шийдвэрийг цуцалсан. Үүнтэй холбоотойгоор холбооны зүгээс шинэ шийдвэр гаргасан нь Ираны жүдо бөхийн холбооны эрхийг 2019 оны есдүгээр сарын 18-наас 2023 оны есдүгээр сарын 17 хүртэл буюу дөрвөн жилээр эрх хаслаа.

С.Моллайегийн хувьд Израилийн Саги Мүкигээс зугтсан анхны тохиолдол дээрх тэмцээн биш юм. Спортын арбитрын шүүхэд өгсөн мэдүүлэгтээ жүдоч эр 2018 онд Абу Дабигийн Их Дуулга, Гаагийн Гранпри тэмцээнд С.Мүкитэй таарах магадлал байсан тул өмнөх даваанд нь ялагдаж байжээ. Түүнчлэн Гуанжоугийн Мастерс тэмцээнд өнөөх өрсөлдөгчтэйгөө таарахгүйн тулд эхний даваан ялагдаж байв. Ингээд ч зогсохгүй, Парисын Их Дуулга тэмцээнд израиль жүдочтой барилдахаас сэргийлж өмнө нь “үсрээд” өгч байв. Улмаар хүрэл медаль хүртсэн ч шагналын тавцанд гарахаас татгалзсан юм.