Нью Йоркийн Бруклин дүүрэгт UFC 223 тулаан өнөөдөр боллоо. Энэ тулааны өмнөх “шоу” хэмжээнээсээ хэтэрч, Хабибийн өрсөлдөгч хоёр ч удаа солигдсоны эцэст шинэ аварга мэндэлсэн юм. Уг нь Тони Фергюсон, Хабиб Нурмагомедов нарын тулаан болох ёстой байсан ч Тони гэмтэл авснаар Макс Холловэй орлох болсон билээ. Харамсалтай нь, Макс богино хугацаанд жин хасах шаардлагатай болж, улмаар бие нь муудсан тул түүнийг 30 настай америк тулаанч Эл Яквинта орлосон юм.
Үр дүнд нь Хабиб Нурмагомедов ээлжит ялалтаа байгуулж, холимог тулаанд 26 дараалан хожоод зогсохгүй жингийнхээ шинэ аварга боллоо. Хабиб өрсөлдөгчийнхөө эр зоригийг үнэлж, эхний хоёр раундын дараагаар босоогоос тулалдсан юм. Хэдийгээр аварга болсон ч Хабибт аваргын хүндлэл ирсэнгүй. Бүсийн төлөөх тулаандаа ялалт байгуулсан ч Тони Фергюсон эсвэл Конор МкГрегор шиг хүчтэй өрсөлдөгчтэй тулаагүй учир түүнийг жинхэнэ аварга гэж хүлээн авахад бэрх. Тиймээс аваргаа хамгаалах эхний тулаанаа Хабиб хүчтэй нэгнийг сонгох нь тодорхой.
Конор МкГрегорын хувьд гурван тулаанчийг гэмтээснийхээ хариуд торны цаана суух магадлалтай болов. Хамтрагч Артем Лобовоор шалтаглаж, 20 гаруй ирланд залуучууд олны нүдэн дээр Хабибийг намнах гэж очсон нь сэжигтэй санагдана. Тэд зүгээр ч нэг нисч очоогүй. Энэ залуус шоу хийж, дараа нь мөнгө босгох зорилго агуулсан. Ийм зүйл болсны дараа Конор МкГрегор-Хабиб Нурмагомедовын тулаан гэдэг юун Флойд Мэйвэйдерийн шоу, түүнээс ч илүү зүйл болох нь тодорхой. Ийм зүйлийг Конор хүссэн юм. Их мөнгөний амтанд орсноор ирланд эр хэрхэн мөнгө босгохыг мэддэг болчихсон. Гэхдээ түүний үйлдэл хэрээс хэтэрч, хэт давсалчихсан тул одоо байдал өөрөөр эргэж магадгүй юм. Танхайрсан хэргээс нь болоод хохирсон тулаанчид түүнтэй дэвжээн дээр бус харин шүүх танхимд уулзахаа мэдэгдсэн бол Дана Уайт танхай залуутай дахин хамтрахгүй гэж сүрдүүлж үзэв. Гэхдээ Дана Уайт бол тулаанч бус бизнесмэн. Түүнд ашигтай ямар нэг зүйл болвол шийдвэрээ өөрчилж чадна. Д.Уайт хохирол амссан тулаанчдад төлбөр өгөхөө амласан нь К.МкГрегорыг аврах гэсэн үйлдэл байлаа.
Конорын эхний шүүх хурал зургадугаар сарын 14-нд болно. Энд түүний хэргийг хэлэлцэх болохоос эцсийн шийдвэрийг гаргахгүй. Дахин шүүх хурал хэзээ болох нь тодорхойгүй ч хэрэг сунжрах нь ойлгомжтой юм. Энэ хугацаанд харин Конор дахин тулаанд гарах эсэх нь эргэлзээтэй. Тэгэхээр түүний хүссэн шиг Хабибийн аваргаа хамгаалах эхний сорилт нь Конор байх магадлал буурч байна.