Хоккейн өсвөрийн ДАШТ: Хагас шигшээд оролцох багууд тодорлоо

1205

22 дахь удаагийн Хоккейн өсвөрийн ДАШТ АНУ–ын Техас мужид зохиогдож байгаа билээ. Тавдугаар сарын дөрөвний өдөр шөвгийн дөрөвт үлдсэн багуудын тоглолт  болж хагас шигшээд үлдэгсэд тодорлоо.

                ОХУ – Беларусь – 5 : 2

Тоглолтын эхний үед Оросын талаас Матвей Мичков (5), Данила Юров (16) нар Беларусийн хаалганд шайб шигтгэн тэргүүлж эхлэв. Беларусийн хоёр гоолыг Илья Морозов (28), Фёдор Николаеня (32) нар оруулсан ч хоёрдуугаар үеийн эхэнд алдсан гоол болон, гуравдугаар үед алдсан хоёр гоолын уршгаар “Цагаан оросууд” ялагдалтайгаа эвлэрхээс аргагүйд хүрэв.

                Канад – Чех – 10 : 3

Канадын шигшээгээс Уайт Жонстон, Коннер Рулет, Коннор Бедард (дубль), Логан Станковен, Дилан Гюнтер (дубль), Райан Винтертон, Бретт Харрисон, Шейн Райт нар Чехийн хаалгыг шүүрэн шанага болгосон бол шар айрагны эх орноос Лукас Паер, Ярослав Хмеларж, Габриэль Штурц нар ялгарч гурван шайбыг Канадын хаалганд оруулав.

                Финлянд – Швейцарь – 2 : 0

Энэхүү тоглолтын эхний шайб хоёрдугаар үе дуусахаас дөрвөн секундын өмнө Финляндын довтлогч Саму Салминен оруулж гоолын салхийг хагалав. Тоглолтын сүүлийн үе эхлэхэд Швейцарийн хоккейчид үр дүнг тэнцүүлэх боломж гаргасан боловч Луй Робены гүйцэтгэл дутав. Хэсэг хормын дараа тоглолтын 51 дэх минутад Финляндын хоккейчин Алексей Хеймосалми тооны харьцааг холдуулснаар багаа хагас шигшээд шалгарах нөхцлийг бүрдүүлэв.

                Швед – АНУ – 5 : 2

Өмнөх өсвөрийн аварга Шведийн шигшээ баг АНУ-ын багийг 5 : 2-оор эх оронд нь буулгаж авлаа. Шведийн талаас Маттиас Хевелид (4), Фабиан Люселл (34, 42), Оливер Моберг(55), Исак Розен(60) нар гоолдсон бол АНУ-ын багаас Саша Пастухов (33), Ред Саваж (59) нар шайб оруулжээ.

                Хагас шигшээд ийнхүү Канад – Швед болон Орос – Финляндтай тав дугаар сарын зургааны өдөр тоглож финалд хэн оролцохоо шийднэ. Тав дугаар сарын долооны өдөр финал болон гуравдугаар байрны эзэд тодрох юм.