Хөнгөн жингийн босоо аварга Хабиб Нурмагомедов зодог тайлсны дараа аваргын бүсний төлөөх тулаанд Чарлес Оливейра хуучин Белатор холбооны олон удаагийн аварга Майкл Чандлерыг ялсан бол оргил тулааны өмнөх дэд тулаанд Бенайл Дариуш алдарт Тони Фергусоныг ялж дуулиан тарив.
Гол тулааны эхний үеэс чөлөөт бөхийн суурьтай М.Чандер өрсөлдөгчөө илүүрхэж, гарын холбосон цохилтуудыг хийж эхэлсэн. Харин жью жицүгийн мастер Ч.Оливейра өрсөлдөгчдөө жильотэн боолт хийж хугацаанаас нь өмнө буулгаж авах оролдлого хийж байв. Чандлер өөрийн тэсрэлт, хурдаа ашиглаж хүнд байдлаас удалгүй гарч чадсан.
Чандер тулааныг босоогоос эрч хүчтэй, өрсөлдөгчөө илүүрхэж унагаах зэргээр хүчтэй цохилтуудыг ээлж дараалан хийсэн ч нэгдүгээр үе өндөрлөснөөр Оливейра аврагдсан юм. Харин хоёрдугаар үед Оливейрагийн талаас эрс өөр тактик боловсруулсан нь үе эхнээс харагдаж эхэлсэн юм. Тактикийн дагуу Оливейра тулааныг үргэлжлүүлж босоо байдлаас өрсөлдөгчөө зүүн гарын хажуугийн хүчтэй цохилтоор унагаасан. Чандлер ч хүнд цохилтоос гарах оролдлого хийн, өрсөлдөгчөөсөө зугтааж байсан ч Оливейра түүнд боломж олгохыг хүссэнгүй. Ийнхүү хөнгөн жингийн супер тулаанд Оливейра өрсөлдөгчөө дутуу гаргаснаар жингийн шинэ аваргаар тодорсон юм.
Ч.Оливейрагийн (40.31.9) аваргын төлөөх тулаанд хүрэх зам тийм ч дардан байгаагүй. Тэрээр сүүлийн 8 тулаанд дараалан ялалт байгуулсан бөгөөд тэдгээрт Тони Фергусон, Кевин Ли, Жим Миллер, Жаред Гордон зэрэг шилдгүүдийг ялсан ялалтууд багтаж байв.
Харин түүний өрсөлдөгч Майкл Чандлер (28.22.6) Белатор холбооноос UFC холбоонд орж ирмэгцээ Дэн Хүүкерийг хугацаанаас нь өмнө буулган авч, улмаар аваргын төлөө тулалдах болсон нь тулаан сонирхогчдын дургүйцлийг ч төрүүлээд авсан билээ.
Алдарт Тони Фергусоны уналт
Иран гаралтай Америк иргэншилтэй Бенейл Дариушын хувьд энэ үдэш түүний замналд тод томруун мөр үлдээсэн орой болсон юм. Бразилын жью жицүгийн хар бүстэй Б.Дариуш тулааны эхнээс л Т.Фергусоныг илүүрхэж ээлж дараалсан гарын цохилтуудыг хийж эхэлсэн. Харин Фергусон сөрөг довтлохыг илүүд үзэж хөл дээрээ ажиллан ухарч байсан. Тулаанчид II үеэс эхлэн хэвтээ байдалд ашигтай байрлалын төлөө тэмцэлдэж, харилцан өчиг боолтын оролдлого хийж байв. Хэвтээ барилдаанд Дариуш илүүрхэж Фергусоны баруун шагайнд өчиг хийж өрсөлдөгчөө сулруулж амжсан. Ийнхүү тулаан гурван үе үргэлжилсэний эцэст Дариуш ялагчийн хувиар огтагоноос буусан юм.
Бонторин, Чоокагиан нарын ээлжит ялалт
Бразил тулаанч Рожэрио Бонтори өөрийн боломжоо ашиглан тулааны урилгыг шуудхан хүлээн авч тулалдан өрсөлдөгчөө шүүгчдийн саналаар ялав. Катлин Чоокагиан жиндээ өөрийн чансааг ахиулах тулааныг хийж, аваргын төлөөх тулааны эрх авах оролдлогодоо нэг алхам ойртов. Түүний өрсөлдөгч Бразил бүсгүй Вивианэ Араухо өөрийгөө чамлахааргүй өрсөлдөгч гэдгээ харуулж байсан. Араухо ээлж дараалсан цохилтоор оноо цуглуулж, өрсөлдөгчдийнхөө толгойг уургалж жильотен боолт хийн Чоокагианыг сандаргаад амжив. Харин дараагийн үед Чоокагиан илүү идэвхтэй тулалдсанаар шүүгчид түүнд ялалтыг өгсөн юм. Эхний үед Араухо илт илүүрхэж байсан ч шүүгчид мөн америк бүсгүйг илүүрхсэн гэж үзсэн нь тулаан сонирхогчдын эгдүүцлийг хүргээд авсан.
Андре Муниз Жакарэ Соузагийн гарыг хугалав
Харамсалтай нь тулааны үдэш алдарт Матар хочтой Соуза хүнд бэртлийг авч хэсэг хугацаанд огтагонд гарах боломжнүй болох нь тодорхой болов. Дунд жингийн чансаа ахиулах тулааны I үед Андре Муниз өрсөлдөгчийнхөө ард гарч, араас боох оролдлого хийв. Жакарэ Соуза өрсөлдөгчөөсөө мултрах оролдлого хийх үед гараа хавчуулсан нь хөшигдөж гараа хугалсан юм. Энэ үдэш Ландо Ванната UFC холбоонд анхны тулаанаа хийж Майк Грандиг ялсан бол Жордан Уайт өрсөлдөгч Жами Пикетийг 60 секундын дараа унагааж, харин Андриа Ли Антонина Шевченког гарын өчилтөөр буулгаж авсан.
UFC 262
2021 оны 5-р сарын 15
АНУ-ын Техас мужийн Хьюстон дахь Тоёота төв
Хөнгөн жингийн аваргын төлөө.
Чарльз Оливейра, Майкл Чандлерийг хүнд цохилтоор III-р үеийн 0:19 минутанд
- Бенейл Дариуш Тони Фергусоныг шүүгчдийн саналаар (30-27, 30-27, 30-27)
- Рожерио Бонторин, Матт Шнеллийг шүүгчдийн шийдвэрээр (30-27, 30-27, 29-28)
- Катлин Чоокагиан. Вивиане Араужог шүүгчдийн саналаар (29-28, 29-28, 30-27)
- Эдсон Барбоза Шан Бургосыг III-р үеийн 1:16 минутад хүнд цохилтоор тус тус ялав.
Урьдчилсан хөтөлбөр
- Андре Муниз Роналдо “Жакаре” Соузаг I дүгээр үед гарын өчилтөөр
- Ландо Ванната, Майк Грундиг оноогоор (29:28, 30:27, 27:30)
- Жордан Райт Жейми Пиккетийг I дүгээр үед хүнд цохилтоор
- Андреа Ли Антонина Шевченког II дугаар үеийн 4:52 минутын дараа гарын гурвалжин өчилтөөр
- Приссила Гачоэра Жина Маканиг II дугаар үед хүнд цохилтоор
- Такер Лутц. Кевин Агиларыг шүүгчдийн шийдвэрээр (30-27, 30-27, 30-27)
- Христос Гиагос II дугаар үе дуусахаас 1 минутын өмнө Шон Сорианаг боолтоор тус тус буулган авав.