Онцлох спорт Ултимейт Фризбий

1635

KOO.MN энэ удаад ултимейт фризбий хэмээх шинэ тутам хөгжиж буй спортын талаар Монголын фризбийн холбооны нарийн бичгийн дарга Т.Чинтүшигтэй ярилцлаа.

Фризбийн спортын танилцуулах үйл ажиллагааны фото мэдээ-г манай фото мэдээ булангаас үзээрэй.

Сайн байна уу? Фризбийн холбооны талаар мэдээллийг бидэнтэй хуваалцана уу? Мөн та хэзээнээс энэ спорттой танилцсан бэ?

За сайн байцгаана уу. Энэхүү Ултимейт спортыг Монголд хөгжүүлэхээр 2014 онд Монголын фризбийн холбоо үүсгэн байгуулагдсан. Миний хувьд 2012 онд Итали улсын Милан хотод сурч байхдаа энэ спорттой анх танилцаж тоглож эхэлсэн. Мөн тэнд байх хугацаандаа дээд лигт дэвшиж Италийн “Сериа А”-д тоглож байсан. Улмаар энэхүү спортыг Монгол улсдаа хөгжүүлэх зорилгоор холбоогоо үүсгэн байгуулсан. Бид одоогийн байдлаар Монголд болон олон улсад фризбий тоглодог залуучуудтай нэгдэн холбооныхоо үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж байна.

Холбооны ерөнхийлөгч болон нарийн бичгийн даргаар хэн ажилдаг вэ?

Холбооны дэд ерөнхийлөгчөөр энд ирсэн П. Баярмагнай мөн нарийн бичгээр миний бие Т. Чинтүшиг ажиллаж байна.

Фризбий гэхэд миний хувьд хамгийн түрүүнд кинонд харж байсан цаг хөгжилтэй өнгөрөөх зүйл байсан бол одоо энэ маань спорт болон хөгжсөн байна. Хэзээнээс спортын төрөл болсон бэ? Үүх түүхийг нь бидэнтэй хуваалцана уу?

Ултимейт фризбий нь 1968 онд АНУ-ын Нью-Жерси хотноо үүсэж хөгжсөн гэж түүхэнд тэмдэглэгдсэн юм. Харин 1990-ээд онд энэ спорт олон улсад түгэн дэлгэрч АНУ-ын хил хязгаараас давсан байдаг. Энэ дундаас Австрали, канадын баг мөн азиас Японы баг маш эрчимтэй хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд Хятад улсын үсрэнгүй хөгжилтэй уялдуулан энэ төрөл нь урд хөршид хөгжиж тэнд сурч байгаа манай залуус энэ спортыг эзэмших болсон юм. Диск ашиглан тоглодог олон төрлийн спорт байдаг тул холбооны зүгээс бүх төрлийг ерөнхийд нь хөгжүүлэх зорилготой. Бидний зүгээс түлхүү ногоон талбайд тоглодог Ултимейт фризбий буюу долоогийн эсрэг долоо төрлийг хөгжүүлээд явж байгаа. Учир нь 2028 оны олимпод энэ спорт шинэ төрөл болон орох өндөр магадлалтай. Иймээс бид Монголын шигшээ багийг бүрдүүлж тэмцээн уралдаанд оролцох сонирхолтой.

Одоогийн байдлаар энэ төрлөөр аль улсын баг чансаа өндөр байна вэ?

Энэ тал дээр маргаангүй АНУ-ын багийг нэрлэнэ. 2014 онд Итали улсын Лекко хотод Ултимейт фризбийн багийн ДАШТ болж өнгөрөхөд би сайн дурын ажилтнаар ажиллаж таарсан. Тэнд Итали, АНУ-ын том багууд ирж амжилттай оролцож, эцсийн үр дүнд америкийн баг түрүүлсэн. Үүнээс гадна канадын баг тамирчид тэдний араас маш хүчтэй нэхэж сайжирч байгаа.

Ултимейт фризбий төрлийн талаар мэдээлэл өгнө үү?

Ултимейт фризбий гэгддэг энэ төрөл нь хөлбөмбөгийн талбайн орон зайд долоогийн эсрэг долоо буюу нэг баг долоон гишүүнтэйгээр оролцоно. Долоон тамирчин хоорондоо дискээ дамжуулан урагшилж айлын оноо авах хэсэгт хүрч оноогоо өөрсдийн болгоно. Энэ үед эсрэг багийнхан нь дискийг таслах оролдлого хийнэ. Гэхдээ эсрэг багийн тоглогчийн биед хүрч болохгүй. Тоглолтын үеэр тамирчид хооронд ямар нэг биеийн хүчний шүргэцэл үүсдэггүй /contact free sport/ спорт юм. Хэрэв ямар нэгэн байдлаар тоглогчийн биед хүрвэл алдаа заана.

Жишээ нь, Би дисктэй байхад контакт үүсэн алдаа өгвөл надаас тоглолт үргэлжилж явна. Хэрэв надад диск байгаагүй бол над руу дамжуулалт өгч байсан манай багийн тоглогчид диск буцаж очно гэсэн үг. Энэ талаасаа үзвэл их шударга спорт. Саяхныг хүртэл энэ төрөл маань шүүгчгүй явж ирсэн гэвч Олимпын төрөлд орохын тулд заавал шүүгчтэй байх ёстой гэсэн шалгууртай, үүний дагуу шинээр дүрэмд тусгаж оруулсан байгаа.

Ерөнхийдөө өөрөө өөрийгөө шүүгээд хянаад явдаг гэж үзэж болох уу?

Тийм, өөрөө өөрийгөө шүүгээд явдаг. Тэр утгаараа илүү ёс зүйтэй спорт. Тоглоомын дүрмэнд хүртэл спортын амин сүнс нь тоглолтоос урам зориг авах мөн үүнийг цэвэр ариун байлгах тал дээр анхаарах ёстой гэсэн зүйл заалт байдаг. Олон улсад энэ төрлийг анхандаа хиппи нар их сонирхдог байсан бол явцдаа IT мэргэжилтнүүд сонирхож эхлээд яг одоо үед цахиурын хөндийд бизнес эрхлэгчдийн спорт гэж үздэг. Яваандаа энэ чиглэлээр бид СЭЗИС-тэй хамтраад үйл ажиллагаа явуулъя гэж зорьж байгаа. Учир нь СЭЗИС маань энтрепренер их сургууль болоxоор зорьж байгаа юм билээ

Эхний ээлжинд бид бага насны шигшээ багийг бүрдүүлнэ. Энэ спорт нь коллежийн системээр явдаг. Цаашид коллеж, их сургуулиуд багаа бүрдүүлээд хоорондоо тоглоод явахад том боломж бий. Энэ дээр нэмэгдээд аймаг болгон баг бүрдүүлээд оролцох боломжтой. Бид хэрэгцээт материалаар хангаж чадна. Зардал багатай спорт учраас хоёр  багийн долоон гишүүн мөн сэлгээний тамирчид гээд 30-40 хүн нэг л дискээр тоглоно, бас хотоос гарахад л том сэлүүхэн талбай ихтэй тул бидний зүгээс энэ спортыг монголд хөгжих өндөр боломжтой гэж үзсэн.

Тоглоомын хэрэгсэл талаас нь авч үзвэл диск болон тусгаарлагч конус байхад болох уу?

Тийм, конус хэрэг болно. Үүнийг өөр зүйлээр орлуулах боломжтой. Ултимейт фризбийн үндсэн хэрэгсэл гэвэл диск. Диск нь төрлөөрөө байдаг. Мэргэжлийн түвшинд болохоор цагаан дискийг зөвшөөрдөг. Мөн нэмэлтээр хүн хүний сонирхолоос хамаарч шөнө тоглоход гэрэлтдэг, хүүхдэд зориулсан зөөлөн материалтай, нохойтой тоглоход зориулсан зөөлөн резинэн материалтай, бага насны хүүхэдтэйгээ тоглож болох хөөсөн материалаар хийсэн диск гэх мэтчилэн олон төрлөөрөө байгаа. Мөн бүх насны хүмүүс тоглох боломжтой.

Тэмцээнд хэрэглэгддэг дискэд тогтсон стандарт байдаг уу?

Олон улсын түвшинд 175 граммын стандарт дискээр тоглодог. Үүн дээр тухайн холбооноосоо хамааран брэнд зааварчилгаа өөр байх боломжтой. Ерөнхийдөө 175 граммын хэмжээ диаметр бүхий диск ашигладаг. Бага насны хүүхдэд болохоор 125 болон 115 граммаар өөр хэмжээтэйгээр байгаа.

Танай үйл ажиллагаа яаж явагддаг вэ? Сургалтууд бий юу?

2014 онд эхний ээлжид бид монголд оршин суудаг гадаад иргэдтэй уулзалт хийж, тоглодог байсан. Түүнээс хойш энэ спортыг монголчууд мэдэх болж, мөн шинэ залуучууд төгсөж ирээд тэдэнд санал тавин хамтдаа долоо хоногт нэг болон өнжөөд нэг тоглодог болсон. Бидний зүгээс энэ спортыг хөгжүүлэх зорилгоор олон улсын дүрмийг нь монгол хэлнээ орчуулан бэлтгэсэн. Бас сонирхсон залуучуудад зориулаад гарын авлага бэлдээд үнэгүй байршуулсан. Сургуулиудад үнэ төлбөргүй танилцуулах сургалтууд зохион байгуулагддаг. Ковид гарахаас өмнө бид “Нарны хороолол”-ын хажууд  “Атилла” спорт цогцолборт долоо хоног бүр сургалт явуулж байсан. Удахгүй эргээд үргэлжүүлэн ажиллуулах сонирхолтой байгаа.

Цаашлаад бүх насны ангилалд шигшээ багаа бүрдүүлээд уралдаан тэмцээн зохион байгуулах зорилготой ажиллаж байна