Новак Жоковичийн 19 дэх түрүү

1409

Талбайн теннисийн дөрвөн Их Дуулгын нэг, “Ролан Гаррос” өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Сербийн Новак Жокович, Грекийн Стефанос Циципас нар тунаж үлдсэн билээ. Новак Их Дуулгад 28 удаа финалдаж 18-д нь ялсан бол түүний өрсөлдөгч 22 настай Стефанос анх удаа шигшээд шалгарсан юм.

Ирэн дээрээ гялалзаж яваа грек залуу тоглолтын эхлэлийг тун сайн хийлээ. Эхний сэтэд өөрийн давуулалтаа алдсан ч 5:6-гаас эргэн ирж, улмаар тай брикт илүүрхсэнээр 7:6-гаар хожил авсан. Улмаар энэ эрчээрээ хоёр дахь сэтийг ч 6:2-оор өөрийн болгосон билээ.

Гэхдээ хашир аваргын тоглолт гуравдугаар сэтээс эхэллээ. Серб эр дөрөв дэх оноог өөрийн болгосноор энэ сэтийг 6:3-аар авсан юм. Улмаар дөрөв дэх сэтийг шууд 4:0 давамгайллаар эхлүүлсэн нь Циципасыг сандаргасан. Одоо тоглолтын хэмнэл өөрчлөгдөж, Стефанос бус Новак бүхнийг удирдах боллоо. Аварга ч үүнийг мэдрэх мэт өөгүй тоглолт үзүүлэн сүүлийн хоёр сэтийг 6:2, 6:4-өөр авч, Их Дуулгын 19 дэх түрүүгээ хүртлээ.

Ролан Гаррос тоглолтын тойм

Ийнхүү Новак Жокович нэгэн шинэ түүх бичлээ. Тэрбээр дөрвөн Их Дуулгад багадаа хоёр түрүүлсэн анхны эрэгтэй теннисчин болов. Австралийн “ногоон талбай”-д ес, Английн “Уимблдон”-д тав, Америкийн Их Дуулгад гурав, Францын шороон дээр хоёр удаа түрүүлсэн амжилтыг түүнээс өөр хэн ч үзүүлээгүй юм. Их Дуулгад 20 түрүүлсэн дархан аваргууд болох Рафаэль Надаль 2009 онд Австралид ганц удаа түрүүлсэн бол Рожер Федерер мөн онд “Ролан Гаррос”-т өнгөлж байлаа. Үүнээс ч дутахгүй нэг сүрдэм үзүүлэлт нь Австрали, Францын Их Дуулгад дараалан түрүүлсэн цор ганц теннисчин бол Жокович.

Дэлхийн манлай теннисчин эр 2016 онд уг амжилтыг анх толилуулж, нэгэн гайхам амжилтын эзэн болж байлаа. Үүнээс таван жилийн дараа 34 насандаа дээрх амжилтаа давтаж, хосгүй нэгэн гэдгээ дахин бататгав. Энэ хоёр тэмцээнд дараалан түрүүлнэ гэдэг тун бэрх даваа. Их Дуулгад 20 түрүүлсэн алдартнууд ч нэг жилд дараалж байсангүй. Р.Надаль 2009 онд Австралид ганц удаа цом өргөсөн ч дараа нь шороон талбайдаа түрүүлж чадаагүй бол Р.Федерер эсрэгээрээ байв.

Талбайн теннисийн ИХ ГУРВАЛ

Н.Жоковичид хүрээгүй үлдсэн цөөхөн оргилын нэг нь Их Дуулгын нийт түрүү. Түүний урд нэгэн үед өрсөлдөж яваа Р.Федерер, Р.Надаль нар 20 түрүүтэй бичигддэг. Өнгөрсөн жил цар тахлын улмаас зарим тэмцээн цуцлагдсан бол “Ролан Гаррос” үргэлжилж, гол өрсөлдөгч Р.Надаль нь 20 дахь цомоо авсан билээ. Өдгөө 39 настай Рожер гурван жилийн өмнө сүүлийн түрүүгээ авч, 20-д хүрсэн анхны эрэгтэй теннисчин болж байв.

Түүнчлэн Н.Жокович 30 наснаасаа хойш долоо дахиа Их Дуулгад түрүүлсэн нь өөр хэний ч үзүүлээгүй амжилт болов.