2013 онд бөмбөгдөлт болсон алдарт Бостоны марафонд сувилагч бүсгүй Сара Селлерс хоёрдугаар байранд орж, 75 мянган ам.долларын урамшуулал авчээ.
Өнгөрсөн амралтын өдөр буюу Монголын цагаар даваа гаригийн үүрээр өндөрлөсөн Бостоны марафоны эмэгтэйчүүдийн төрөлд олимпод өрсөлдөж явсан америк бүсгүй Десири Линден түрүүлсэн юм. Хүчтэй шуурга, ширүүн бороотой өдөр байсан ч америкчууд 1985 оноос хойш тус тэмцээнд анх удаа нутгийн тамирчин түрүүлэхийг харсан юм.
Гэхдээ энэ тэмцээний гол од, дуулианы эзэн Десири Линден бус хоёрдугаар байрт бичигдсэн Сара Селлерс байлаа. Тэрбээр нийт 42 км замыг хоёр цаг 44 минут, 4 секундэд туулсан. Хачирхалтай нь, энэ тэмцээн Селлерсийн марафоны зайд уралдсан хоёр дахь тэмцээн нь аж. Өнөө жил 26 настай сувилагч мэргэжилтэй америк бүсгүй өмнө нь Ютад болсон тэмцээнд түрүүлснээр, Бостоны марафонд оролцох эрх авчээ.
Сара Селлерс гэх нэрийг спорт сонирхогчид төдий л олон сонсоогүй. Коллежийн сурагч байхдаа хөнгөн атлетикаар хичээллэж явсан ч гэмтлийн улмаас их спортын замналаа удаан үргэлжлүүлээгүй юм. Харин Бостоны марафонд төрсөн дүү нь бүртгүүлсэн учир Селлерс бүртгэлийн хураамж болох 185 “ногоон”-ыг тушааж, уралдаж үзэхээр шийджээ. Үр дүнд нь 75 мянган ам.долларын шагнал авсан юм.
Селлерст ямар нэг дэмжигч байгууллага, спонсор гэж үгүй. Мөн тэр сувилагч мэргэжилтэй, энэ чиглэлээрээ бүтэн цагаар ажилладаг нэгэн. Уралдааны дараа ажлаа хийхээр Аризона руу буцахаар төлөвлөсөн Селлерс марафоны уралдаанд цаашид тогтмол оролцож байхаар шийдсэн гэнэ.
Бостоны марафонд цаг агаар тогтвортой бус байснаас гэнэтийн зүйл олон өрнөсөн. Эмэгтэйчүүдийн ангилалд Этиопийн гүйгч Мамиту Даска тэргүүлж явсан ч тэмцээнийг дуусгаж чадаагүй. Эрэгтэйчүүдийн ангилалд Японы гүйгч Юки Каваүчи түрүүлсэн нь бас л дуулиан болов.
Юки Каваүчи мөн л мэргэжлийн гүйгч бус. Тэрбээр Засгийн газрын нэгэн албанд долоо хоногт 40 цаг ажилладаг жирийн нэгэн иргэдийн төлөөлөл аж.