Францын нэрт жүдоч, олимпийн хошой аварга, нэг хүрэл медальт, ДАШТ-ий 10 удаагийн аварга, мөнгө, хүрэл медальтай Тэдди Ринер их спортоос завсарлага авахаа мэдэгдлээ. Гэхдээ франц эр 2020 оны Токиогийн олимпод өрсөлдөх хүсэлтэй байгаа учир зодог тайлах бодолгүй байгаа аж.
Францын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Фрэнк Чамбилигийн мэдээлснээр “Тэдди баавгай” ирэх хоёр жилд тун цөөн хэдэн тэмцээнд оролцохоор төлөвлөсөн гэнэ. Гэхдээ 2018, 2019 оны ДАШТ-д оролцохгүй.
Энэ жил 29 настай Т.Ринер 2010 оноос хойш ялагдлын гашууныг амсаагүй. Энэ хугацаанд түүний ялалтын тоо 144-д хүрч, Лондон болон Риогийн олимпийн аварга, ДАШТ-д 2011, 2013, 2014, 2015, 2017 онд түрүүлсэн юм.
Сонирхуулахад, Тэддигийн гол зорилго 2024 онд Парист болох зуны олимпийн наадамд оролцох юм. Жүдогийн ноён оргилд хүрсэн “Том Тэд” барилдахаас гадна хөлбөмбөг тоглож, сагсан бөмбөгт багагүй авьяастай, тэр ч бүү хэл талбайн теннис ч чадварлаг тоглодог нэгэн байв.