Пакистан гаралтай Их Британийн боксчин Амир Хан мэргэжлийн боксын рингэндээ эргэн ирлээ. Тэрбээр Мексикийн тулаанч Канело Алварест ялагдсанаас хойш тулалдаагүй. Бүтэн хоёр жилийн дараа Канадын боксчин Фил Ло Грекотой нударга зөрүүлэв.
Бокс сонирхогчид, бас англичууд нутгийн хүүгээ санасан нь илт байлаа. Английн Ливерпуль хотод болсон уг тулааны тасалбар бүгд зарагдаж дууссан бөгөөд харин гол тулаан ердөө 40 секунд үргэлжилсэн. А.Ханы америк дасгалжуулагч Жое Гүүссен хэт эрт тоглолтоо дуусгах хэрэггүйг сануулсан ч хоёр хаврын турш зодолдоогүй пакистан гаралтай британи эр тэссэнгүй бололтой.
Ийнхүү Амир Хан мэргэжлийн боксын дэвжээнд 36 тулаан хийж, үүнээс 32-т нь ялалт байгууллаа. Харин түүний өрсөлдөгч канад боксчны хувьд 32 тулааныхаа 28-д нь ялж, дөрөв дэх ялагдлаа амссан юм.
Энэ тулааныг нэрт хөлбөмбөгчин Жамье Варди, жүжигчин Жамье Ломас нарын алдартнууд үзэж сонирхжээ.
Түүний дараагийн өрсөлдөгч бас тодорхой болов бололтой. Богино хугацаанд үргэлжилсэн тулааныхаа дараа Английн боксчин Келл Брукийг тулаанд дуудав. Мэргэжлийн боксын рингэнд 39 тулаан хийж, 37-д нь ялалт байгуулсан К.Брук Казахстаны Геннадий Головкинд ялагдах хүртлээ дэлхийн аваргын бүс эзэмшиж, нэг ч хожигдоогүй явсан юм.