Хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны түнш, “Кока Кола” компаниас ивээн тэтгэдэг “Алтан цом”-ын айлчлал албан ёсоор өнөөдөр Монголд ирлээ.
Энэ өдөр Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбай тун завгүй байв. “Алтан цом” манайд ирэхтэй холбогдуулж, олны танил урлаг, соёлын алдартнууд хоёр баг болон хуваагдаж тоглосон юм. Олимпийн аварга Э.Бадар-Ууган, Н.Түвшинбаяр ахлагчтай хоёр багт олны танил их спортын одод гэвэл сагсан бөмбөгийн “Хасын хүлгүүд” багийн довтлогч Т.Санчир, Б.Билгүүн нар тус хоёр багийн хаалгачаар тоглосон бол улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, улсын гарьд Н.Ганбаатар, Афины олимпийн хүрэл медальт жүдоч Х.Цагаанбаатар, Риогийн олимпийн хүрэл медальт боксчин Д.Отгондалай нарын алдартнууд оролцлоо.
Улсын аварга Ч.Санжаадамба
Улсын аварга С.Мөнхбат
Улсын гарьд Н.Ганбаатар тун чадварлаг хөлбөмбөгчин аж. Тэрбээр дээрх хоёр хамгаалагчийг хуурч, багтаа довтолгооны боломж үүсгэж амжсан.
“Алтан цом” Монголд ирэхэд улсын төрийн тэргүүн Х.Баттулга угтан авлаа. Энэ цомд зөвхөн хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлсэн багууд болон улсын төрийн тэргүүн, ерөнхийлөгч, удирдагч хүмүүс л хүрэх эрхтэй, онцгой цом юм.
Энэ удаагийн “Алтан цом”-ын айчлал 51 улс дамжих бөгөөд манай улсад анх удаа зочилж байгаа юм. АНУ-ын Лос-Анжелес хотоос шууд манайд ирсэн уг цом хоёр хоногийн дараа БНХАУ-ын нийслэл Бээжинд, маргааш нь Шанхайд, улмаар энэ долоо хоногийг дуустал Японы Токио, Осака, Шизүока хотоор аялаад өндөрлөнө.