“Shinsegae International Group” “Монголын жюү жицүгийн холбоо” хамтран зохион байгуулж буй “Condition CUP 2022” тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ. “Condition CUP 2022” тэмцээний нээлтийн үйл ажиллагаа спортын төв ордонд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнийг нээж “Shinsegae International Group”-ийн гүйцэтгэх захирал Ц.Жадамба “Монголын жюү жицүгийн холбоо”-ны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ нар үг хэлсэн юм. Мөн нээлтийн ёслолын үеэр холбооны шилдэг тамирчид болох Т.Уянга & Н.Чаминтуяа, М.Даваадорж & Ө.Эрдэнэбаатар нарын дунд “Super fight” буюу халз тулааныг хийж ялагчийг “Shinsegae International Group”-тэй хамтран ажилладаг БНСУ-ын “IRE MEDICAL CONSULTING” компанийн шагналыг гардуулан өглөө.
Тус тэмцээнд 17 байгууллагын 700 гаруй тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. “Condition CUP 2022” тэмцээн энэ сарын 28-29-ний өдрүүдэд явагдана. Монголын Жюү жицүгийн холбоо үүсгэн байгуулагдаад 15 жилтэйгээ золгож байна. 2023 онд жюү жицүгийн ДАШТ-ийг өөрийн эх орондоо хүлээн авч зохион байгуулах эрхийг албан ёсоор аваад байгаа билээ. Тус холбооноос 2019 онд Жюү жицүгийн Ази тивийн АШТ-ийг Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулж байсан туршлагатай хамт олон юм.