Шведийн нэрт хөлбөмбөгчин Златан Ибрагимович “Евро 2016” тэмцээний дараа шигшээ багаасаа явсан. Түүнгүйгээр баг нь Италийн шигшээг хожиж, ОХУ-д болох ДАШТ-ий эрхээ авсан билээ. Саяхнаас АНУ-д очиж, “Лос Анжелес Галакси” багийн довтлогч болсон Златан дэлхийн аваргын сонгон шалгаруулалтад багтаа туслаагүй ч Орос явахаас татгалзахгүй гэсэн санааг илэрхийлээд амжсан юм. Тэрбээр нэрт хөтлөгч Жимми Киммелийн шоунд оролцох үеэр хэрвээ түүнийг дуудвал шигшээ багтаа зүтгэхээс татгалзахгүй гэж ярьсан.
Тэгвэл энэ талаар удтал чимээгүй явсан Шведийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ян Олоф Андерссон энэ талаар ам нээжээ. Харамсалтай нь, түүний төлөвлөгөөнд Златан багтаагүй, домогт довтлогчийг ДАШТ-д явах багийн эцсийн бүрэлдэхүүнд багтахгүй болохыг хэвлэлийнхэнд дуулгасан.
“Златан хоёр жилийн өмнө шигшээгээс зодог тайлсан. Би түүний энэ шийдвэрийг хүндэтгэж буй. Тэр эргэн ирэх талаар надтай ярилцаагүй. Гэхдээ ДАШТ-д явах бүрэлдэхүүнд багтана гэж бодохгүй байна” гэж дасгалжуулагч ярьсан юм.