Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр багаа чирж явах том оддын талаар та бид хэдийнэ мэддэг болсон байх. Түүнчлэн гялалзах магадлалтай залуу тоглогчдын талаар ч судалж, харсан зүйл их. Харин олонд төдий л танигдаагүй тамирчдын талаар та юу мэдэх вэ? Энэ удаад BBC Sport цахим хуудаст Ази тивийн таван тоглогчийг танилцуулж байна.
Алиреза Бейранванд (Иран)
Алиреза Бейранванд бол Ираны шигшээгийн хамгийн туршлагатай, чадварлаг хаалгач боловч Орост хүрэх зам нь тийм ч амар байгаагүй. Тэрбээр орлогоо нэмэх зорилгоор хэд хэдэн газар ажиллаж байсан бөгөөд 195 см өндөр нуруугаа ашиглаж, машин угаалгын газарт дөрвөн дугуйт том тэрэг угаагчаар ажиллаж байсан түүхтэй.
Бейранванд бол малчин удамтай эр. Одоо Тегераны “Персеполис” багт данстай болохоосоо өмнө хувцасны үйлдвэрт туслах ажилтан, пицца зөөгч зэргээр их олон ажил хийсэн нэгэн.
Харин хөлбөмбөгт амжилтад хүрсэн 25 настай эр урьдчилсан шатанд 12 тоглолтынхоо 11-т хаалгаа хуурай манаж, “Б” хэсэгт Испани, Португал, Мароккогийн хамтаар өрсөлдөх болсон билээ. Түүний ачаар Ираны шигшээ баг хоёр дахь удаагаа ДАШТ-д оролцох эрхээ авсан юм.
Юто Нагатомо (Япон)
Наран улсын шилдэг хамгаалагчдын нэг Юто Нагатомо ОХУ-ыг зорих Японы 23 хөлбөмбөгчнөөс шигшээдээ 100 тоглолтод оролцсон гурван хүний нэг.
Зүүн жигүүрийн хамгаалалтад гардаг энэ эр хоёр жилийн өмнө Японы жүжигчин Айри Тайратай гэрлэсэн. Тэрбээр хайртай бүсгүйдээ гэрлэх саналаа Италийн алдарт “Сан Сиро” цэнгэлдэхэд тавьсан юм. Тус өдөр тоглолтгүй байсан хэдий ч хөлбөмбөгчин эрийн саналаар зочилсон япон бүсгүй ийм гэнэтийн бэлэгтэй учирсан аж.
Өдгөө 31 настай Нагатомо нэгэн үе “Интер Милан”-д тоглож байсан ч өдгөө Туркийн “Галатасарай” багт зээлээр зүтгэж яваа юм.
Хон Чул, Ким Мин Ву, Жү Си Ён (БНСУ)
БНСУ-ын хөлбөмбөгчид шигшээ багтаа амжилт гаргаагүй бол 28 хүрэхээсээ өмнө заавал цэргийн алба хаасан байх ёстой байдаг. Ийм дүрэм тус шигшээ багийн хамгаалагч Хон Чул, Ким Мин Ву болон хагас хамгаалагч Жү Е Ён нарт одоо үйлчилж байгаа гэнэ. Эдгээр тоглогчид бүгд 27, 28 настай учир цэрэг, армийн холбогдолтой баг руу зээлээр тоглож буй. Тодруулбал, 27 настай Жү Си Ён 2018, 2019 оны улиралд “ФС Сөүл” багаас хоёрдугаар дивизионы баг болох цагдаагийн академийн “Асан Мугунва” багт зээлээр тоглохоор болжээ. Түүнчлэн 28 настай Мин Ву, 27-той Чул нар “Сувон Блювингс” багаа түр орхиж, армийн “Сангжу Сангму” клубт зээлээр тоглож байна.
Абдуллах аль-Хайбари (Саудын Араб)
Энэ жил 21 настай залуу хагас хамгаалагч Абдуллах аль-Хайбари өнгөрсөн оны хоёрдугаар сард л мэргэжлийн хөлбөмбөгийн замналаа эхэлж байв. Өдгөө “Аль-Шабаб” багт зүтгэж буй Хайбариг “Эвертон”-ы тоглогч асан Кевин Шийди, Майк Неуэлл нар гаргаж ирсэн юм.
Кевин Шийди 1990 оны ДАШТ-д Английн эсрэг гоол оруулж байсан Ирландын тоглогч. Өдгөө “Аль-Шабаб”-ын залуучуудын багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа бол Майк Неуэлл тус багийн хөлбөмбөг хариуцсан захирал аж.
Милош Дегенеч (Австрали)
Австралийн шигшээд “2” дугаартай тоглогдог Милош Дегенеч бол үнэндээ Хорватад амьдардаг байсан Серб үндэстэн юм. Түүний гэр бүл Косовогийн дайнаас дүрвэж, Сербээс зугтсан юм. Тэднийх амар тайван амьдрал хайж, 2000 онд хоёр уут хувцас, 400 ам.доллартай л Сиднейд ирсэн гэдэг.
24 настай Дегенеч Австралийн 17 хүртэлх насны өсвөрийн багт тоглож байсан ч дараа нь Сербийн 19 хүртэлх насны залуучуудын багт данстай болжээ. Харин насанд хүрэгчдийн шигшээгээ сонгох шаардлага тулгарахад Дегенеч өөрт нь гайхалтай амьдрал бэлэглэсэн Австралийг сонгосон байна.