Хүний амьдралд гурван цаг гэдэг тун ч богино хугацаа. Гэхдээ ийм хугацаанд дасгалжуулагчаа халаад оронд нь хэн нэгнийг авчрахад лав хангалттай хүрдэг аж. 2010 оны дэлхийн аварга, тивийн хошой аварга Испанийн шигшээ багт ийм явдал тохиолдов. Хэргийн эзэн нь Хулен Лопетеги. Шигшээ багийг 2016 оноос хойш удирдаж буй 51 настай эрхэм дөрвөн жилд нэг удаа зохиогддог хөлбөмбөгийн хамгийн том тэмцээн нээлтээ хийхээс ердөө гурав хоногийн өмнө “Реал Мадрид”-ын босс болж байгаагаа хэвлэлд зарлав. Энэ талаар хэвлэлд мэдээллэхээсээ ердөө таван минутын өмнө л холбоондоо мэдэгдсэн нь тэргүүн Луис Рубиалесийн бухимдлыг төрүүлжээ.
Оросын Краснодар хотоос Жулен Лопетеги болон “Реал Мадрид” багийн албаныхан хэвлэлийн бага хурал зарлаж, хэдхэн хоногийн өмнө өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн Зинедин Зиданы оронд түүнийг ахлах дасгалжуулагчаар томилж байгааг зарлахад Испанид 16:50 цаг болж байлаа.
Ойролцоогоор цаг орчмын дараа гэхэд Испанийн хөлбөмбөгийн холбоо энэ мэдээллийг үнэн гэдгийг сэтгүүлчдэд баталсан. Улмаар Жуленд ойролцоогоор хоёр сая еврог гэрээний дагуу өгнө гэдгээ мэдэгдсэн юм. Түүнийг эхэндээ ДАШТ-ий дараа ажлаа өгөхөөр болсон гэж бодсон ч Луис Рубиалесийн хувьд түүний гаргасан шийдвэрээр бол хэдийнэ ажлаа өгөх цаг нь болсон бололтой. Тэр дэлхийн аваргыг дуусгах шаардлагагүй гэж үзсэн тул Жуленийг албан тушаалаас нь огцруулав. Энэ бол маш эрсдэлтэй алхам. Хөлбөмбөгчдийнхөө дөрвөн жилийн хөдөлмөрийг салхинд хийсгэх “хүчтэй” асуудал юм. Гэхдээ Луис Рубиалесийн ярьж байгаагаас үзвэл Жулен Лопетеги “Реал Мадрид”-ыг дасгалжуулах болсноо албан ёсоор зарлахаас таван минутын өмнө холбоонд мэдэгдсэн нь түүнийг халах хангалттай шалтгаан болсон ажээ.
Лопетеги явна гэдгээ шигшээгийн шавь нартаа Испанийн цагаар лхагва гаригийн 16:30 цагт багийн оройн хоолны үеэр хэлсэн гэнэ.
Дасгалжуулагчаа халаад удалгүй шинэ хүнийг зарлалаа. Энэ бол алдарт “Реал Мадрид”-ын шилдэг тоглогч нарын нэг, сонгогдсон нэгэн хочтой төвийн хамгаалагч асан Фернандо Йерро. Түүний дасгалжуулагчийн замнал тийм ч алдартай бус. “Реал Мадрид”-д туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаад “Реал Овьедо”-г нэг жил удирдсан. Ажлаа хүлээлгэж өгөөд Испанийн хөлбөмбөгийн холбоонд спорт хариуцсан захиралаар томилогдсон юм.